Уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Өмнөд Солонгосын тамирчин түрүүллээ
Өмнөд Солонгосын өсвөрийн уран гулгагч Ким Хюн Гём “Канвон-2024” Залуучуудын өвлийн Олимпын уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртлээ. Тэрбээр дөрвөн жил тутам болдог залуучуудын наадмын уран гулгалтын төрөлд түрүүлсэн Өмнөд Солонгосын анхны эрэгтэй тамирчин боллоо.
Өдгөө 17 настай Ким Хюн Гём Каннин хотын “Gangneung Ice Arena” цогцолборт бямба гарагт болсон богино үзүүлбэрийн төрлөөс 69.28 оноо, даваа гарагт болсон чөлөөт үзүүлбэрийн төрлөөс 147.45 оноо буюу нийт 216.73 оноотойгоор нэгдүгээр байр эзэлжээ. Тэрбээр богино үзүүлбэрийн дараа гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан боловч чөлөөт үзүүлбэрээр 18 уран гулгагчаас хамгийн өндөр оноо авснаар алтан медалийн болзол хангасан байна.