Д.Туваан: Нүүрсний үнэ буурсан нь Д.Трампын тарифын шийдвэртэй холбоотой

Уул уурхайн сайд Ц.Туваан Засгийн газрын шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр "Гашуунсухайт Ганцмод боомтын хил холболтын хоёр улсын ЗГ-ын хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-аар хэлэлцүүлэх шийдвэрийг өнөөдрийн хурлаар гаргалаа. Уг шийдвэр араасаа шууд болон дам утгаараа эерэг үр дүн авчирна. Нүүрсний үнэ унаж байгаа, улсын төсөв дээрх нүүрсний орлого тасалдах эрсдэл үүссэн энэ үед уг шийдвэр гарсан нь чухал.
Компани хооронд гэрээ хийгдсэнээр нэмж 5 сая тонн борлуулах боломж бүрдэнэ. Хил холболтын төмөр замын асуудал ганцхан тус боомт дээр биш Ханги Мандал, Шивээ хүрээ, бүр цаашлаад гурван улсын хооронд баригдах баруун зүүн коридор гээд эерэг олон асуудлыг араасаа дагуулна. Мөн урд хөрштэйгөө зогсонги байдалд ороод байсан дараагийн том төслийг эхлүүлэх боломж бүрдсэн. УИХ-ын хаврын чуулганы нээлтийн эхний сэдэв хэлэлцээрийг батлах юм.
Бид дараа дараагийн томоохон төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэх гарааны төсөл болж байна. Монгол Улс 2022 оноос биржээр нүүрсээ арилжаалдаг болсон. Энэ нь дунджаар 3-4 сарын дараа тухайн хүлээж авах байгууллагадаа хүрдэг. Яг өнөөдрийн байдлаар он гарснаас хойш 12,4 сая тонн нүүрс экспортлогджээ. Нүүрсний үнэ буурсан, давагдашгүй, тооцоолоогүй хүчин зүйлтэй холбоотой буюу дэлхийн худалдааны асуудал болох АНУ-ын ерөнхийлөгч Трампын тарифын шийдвэртэй холбоотой хүндрэл үүссэн. Гэхдээ өнөөдрийн хурлаар хэлэлцээд төсөв тодотгох хэмжээнд биш хэмээн үзсэн" гэлээ.






