Европын Холбоо “Х” платформыг худал мэдээлэл тараасан хэргээр буруутгав
Европын Холбооноос Илон Маскийн “Х” платформыг Хамасаас Израил руу халдсаны дараа террорист болон хүчирхийллийн агуулга, үзэн ядсан үг хэллэг тараасан байж болзошгүй хэмээн шалгаж байна.
Холбооны салбарын тэргүүн Тьерри Бретон Илон Маскт хандсан захидалдаа “хүчирхийлэл, террорист агуулгатай контентуудыг сануулга өгсөн ч устгаагүй” хэмээн мэдэгдсэн аж.
Харин “X” буюу хуучнаар Твиттер компанийн зүгээс Хамастай холбоотой хаягуудыг платформоос устгасан гэв. Мөн халдлага гарсны дараа нийтлэгдсэн олон мянган контентыг устгах арга хэмжээ авсныг гүйцэтгэх захирал Линда Яккарино хэлсэн байна.
Нийгмийн сүлжээгээр Израил болон Хамас хоорондын мөргөлдөөний талаарх ташаа мэдээлэл, тэр дундаа хуурамч зураг, бичлэгүүд нийтлэгдэх нь ихэссэн юм.
Үүнтэй холбоотойгоор Европын Холбоо “Тикток” болон “Мета” компанид худал мэдээллийн тархалтыг зохицуулах тал дээр хангалттай сайн ажиллаагүй хэмээн анхааруулга өгчээ.