Сүйрсэн Титан шумбагч өмнө нь аянганд цохиулж байсан байна

Зургадугаар сард Атлантын далайн ёроолд сүйрч, таван хүний амь насыг авч одсон Титан шумбагч аппарат таван жилийн өмнө аянганд цохиулж, ноцтой гэмтэл авч байжээ. Энэ талаар ярьсан дүрс бичлэг Юүтүб хуудаснаас устгагдсан гэж The Insider мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Титан шумбагч онгоцыг эзэмшдэг Ocean Gate компанийн захирал, зургадугаар сард болсон сүйрлийн улмаас амиа алдсан Стоктон Раш нэгэн ярилцлагынхаа үеэр Титан шумбагч аянганд цохиулсан талаар ярьж байжээ. Энэ ярилцлагыг 2020 оны зун Юүтүб хуудсанд нийтлэж байсан ч дараа нь устгасан байна."Азаар энэ бол шууд цохилт байгаагүй. Нүүрстөрөгчийн утсанд аянга цохисон бол аппарат бүрэн ажиллагаагүй болох байлаа" хэмээн Раш ярьж байжээ. Түүний өгүүлснээр, аянганд цохиулсны улмаас гэмтсэн бүхий л эд ангийг мэргэжилтнүүд сольсон байна. Аянган цохиулснаас болж дотоод системийн 70 хувь нь гэмтэж байжээ.
Эргэн сануулахад Зургадугаар сарын 22-ны өдөр жуулчдыг суулгасан шумбагч аппарат тэнгисийн ёроолд байх Титаник хөлөг онгоцыг үзэхээр далайн гүн рүү шумбасан юм. Гэсэн ч удалгүй холбоо тасарснаар шумбагчийг эрэн хайх ажил эхлүүлж байлаа. Үүнээс хэд хоногийн дараа Титан шумбагч аппарат сүйрсэн байхыг далайн ёроолоос олсон юм. Ингээд дотор нь байсан таван хүн бүгд амиа алдсан билээ.






