Пригожиний нисэх онгоцон дотор гар бөмбөг дэлбэрсэн байж магадгүйг Путин мэдэгдэв
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Сочи хотод Валдай мэтгэлцээний клубийн арга хэмжээнд оролцохдоо Вагнер группийн тэргүүн Евгений Пригожиний нисэх онгоцны ослын талаар шинэ баримт дэлгэжээ. Москвагаас Санкт-Петербургийн чиглэлд Пригожиний зорчиж явсан хувийн нисэх онгоц наймдугаар сарын 23-ны өдөр осолдсон юм. Энэ үеэр Пригожиноос гадна есөн хүн амиа алдаж байв.
Путиний үзэж байгаагаар онгоц гаднын нөлөөгүй, харин дотор нь гар бөмбөг дэлбэрснээс болж сүйрсэн байх өндөр магадлалтай гэнэ. Тэрбээр үүнийг батлах баримтыг хэдхэн өдрийн өмнө мөрдөгчдөөс хүлээж авснаа ярьжээ.“Ослын үеэр амиа алдсан хүмүүсийн цогцсоос гар бөмбөгийн хэлтэрхийнүүд олдсон байна. Онгоцны осол гаднын нөлөөгүй байсан нь нэгэнт тодорхой болсон” гэв. Гар бөмбөг яагаад дэлбэрсэн байж болох талаар Путин ямар нэг таамаг дэвшүүлээгүй байна.
Амиа алдсан хүмүүсийн цогцост согтууруулах ундаа, мансууруулах бодисын шинжилгээ хийх ёстой байсан гэж ярьснаас үзвэл Вагнерынхан өөрсдөө санамсаргүй дэлбэлсэн гэж үзэж байгаа бололтой.
“Миний бодлоор ийм төрлийн шинжилгээ хийх ёстой байсан. Гэвч мөрдөгчид ингээгүй байна лээ” гэж Путин хэлсэн нь олны анхаарлыг татав.
Санкт-Петербург дахь Вагнер группийн төв байрнаас 10 тэрбум рубль ($100 сая) бэлнээр, 5 кг кокаин олдсоныг тэр бас ярианыхаа завсар дурдсан байна.
Пригожин зэвсэгт бослого гаргаснаасаа хойш яг хоёр сарын дараа осолдсон юм. Ажиглагчид үүнийг Путиний “өшөө авалт” гэж үзэж байгаа.
Гэхдээ Кремлийн хэвлэлийн алба энэ сэжиг таамгийг эрс няцаадаг.
ОХУ-д Вагнер шиг хувийн арми цаашдаа байх боломжтой эсэх талаар асуухад Путин энэ нь ямар ч хууль зохицуулалтгүй, “алдаа дутагдалтай” явж ирснийг тайлбарлажээ.
“Орос улсад ийм бүрэлдэхүүн байх хэрэгтэй эсэх талаар бид зөвшилцөлд хүрээгүй байна. Гэхдээ энэ компанийн хэдэн мянган дайчид албан ёсны зэвсэгт хүчинтэй гэрээ байгуулсныг өнөөдөр би баттай хэлж чадна. Тэд хүсвэл дайтаж болно. Тэдэнтэй байгуулсан гэрээ нь урьд өмнө байгаагүй зүйл” гэж Путин ярьсан юм.
Тэрбээр цааш нь ярихдаа “Энэ бол ярвигтай асуудал. Бид цаашдаа яах талаар хэлэлцэж, судалж байгаа. Дэлхийн олон оронд ийм компаниуд байдаг, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа хилийн чанадад. Үүнийг бүгдээрээ сайн мэднэ. Бидэнд хэрэгтэй эсэх талаар сайтар бодож тунгаах шаардлагатай” гэжээ.