Д. Трамп: Будапештын уулзалт үр дүнгүй болох нь тодорхой байхад хий дэмий цаг хугацаагаа гарзадмааргүй байна
Трамп, Путины хоёрын Будапештын уулзалт ойрын хоёр долоо хоногийн дотор болно гэж өнгөрсөн долоо хоногт Цагаан ордон мэдээлсэн. Гэтэл энэ уулзалт ойрын хугацаанд болохгүй гэдгийг Трамп өчигдөр мэдэгдлээ.
Трамп Оросын талыг Украины дайны тэргүүн фронтод галаа зогсоох санал дэвшүүлсэн боловч Москва хүлээж аваагүй гэдгийг Цагаан ордон онцлон тэмдэглэсэн байна. Тиймээс Будапештын уулзалт үр дүнгүй болох нь тодорхой байхад хий дэмий цаг хугацаагаа гарзадмааргүй байна гэж Доналд Трамп хэлжээ.
Талуудын тохиролцоонд хүрч чадахгүй байгаа гол асуудал бол Украины дайны фронтод Оросын талыг галаа зогсоох хүсэлтийг Трамп болон Зеленський, Украиныг дэмждэг өрнөдийн орнуудын зүгээс тавьсаар ирсэн. Харин Москва энэ асуудал дээр Украины цэргүүдийг дайн болж байгаа Украины зүүн мужуудаас бүрэн татах хүртэл ОХУ байр сууринаасаа хөдлөхгүй гэдгийг Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков дахин хэллээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров гал зогсоох бол түр зуур аргацаах үйлдэл бөгөөд Москва удаан хугацаанд тогтвортойгоор энхийг тогтоох сонирхолтой гэдгийг өчигдөр мэдэгдлээ. Мөн Лавровын нэмж хэлснээр хямралыг уг үндсээр нь харж, нэгмөсөн шийдвэрлэх ёстой гэсэн байна.
Оросын талаас Донбасыг бүрэн цэрэггүйжүүлж Оросын газар нутаг болохыг хүлээн зөвшөөрөх шаардлагаа тавьсаар байна. Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өөрийн улсын газар нутгийн нэгээхэн хэсгийг ч өгөхгүй гэдэг дээр хатуу байр сууриа илэрхийлдэг.
Будапештын уулзалтын өмнөх бэлтгэлийг базаахаар Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хоёр уулзах ёстой байсан. Гэвч тэд өчигдөр утсаар ярьсны дараа уулзах шаардлагагүй болсон гэж зарлалаа.

