Хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хуулиар хумиж, олон нийтийн мэдэх эрхэнд халдахыг санаархаж байна
Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, төслийг дэмжсэн билээ.
Үүнд “албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялын хасаж, 6 сараас 3 жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлэх” өөрчлөлт багтсан юм.
Энэ нь төрийн хүчний байгууллагын бүх мэдээллийг иргэдээс нуух, тухайн алба хаагч, ажилтны хувьд шударга бусын эсрэг шүгэл үлээх иргэнийх нь үүрэг, эр зоригийг мохоох, ингэснээрээ хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хумьж, улмаар Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд ноцтой аюул учруулна гэж үзэн Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс эсэргүүцэн мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд:
“...Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд оноох ялыг чангалах гэж байгаа бодлогоо УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тайлбарлахдаа энэ нь “иргэн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хүлээх хариуцлагыг хөндөхгүй” хэмээн мэдэгдсэн байх хэдий ч юун түрүүнд сэтгүүлчийг хэвлэн нийтэлсэн мэдээ, мэдээллийнх нь улмаас цагдаад шалган “эх сурвалжаа илчлэхийг” шаардах замаар нууц задруулсан ажилтныг олж тогтоох мөрдлөгийг эхлүүлдэг өнөөдрийн нөхцөл байдал улам бүр хүндрэх нь тодорхой байна. Ийм замаар сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашиг хөндөгдөн улмаар хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө хязгаарлагдаж, энэхүү үндсэн эрх, эрх чөлөөгөө алдсан иргэн хэн боловч бусад зөрчигдсөн эрхээ хамгаалах боломжгүйд хүрэх аюул заналхийлж байгаа тул МСНЭ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайн заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна” гэжээ. Иймд өнөөдөр МСНЭ-ээс Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүлэх юм. Энэ үйл явдал цагт болно.