Хилийн чанад дахь анхны Монголын соёлын төв Бээжин хотод байгуулагджээ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2023.12.05) БНХАУ-ын Зам, тээврийн яаманд зочилж, дэд сайд Ли Яантай уулзлаа
Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан ирэх онд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хууль тогтоох байгууллага хоорондын тэмдэглэлт олон тэгш ой тохиох гэж буйг уулзалтын эхэнд онцлов. Мөн дөрвөн жилийн өмнө буюу Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 25 жилийн ойгоор БНХАУ-д айлчилж, Зам, тээврийн сайд сайд Ли Шяопөнтэй хоёр талын уулзалт хийж байсныг дурдан, хожим КОВИД-19 цар тахал дэгдэх хүнд үед тээврийн асуудалд шуурхай дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэн БНХАУ-ын Зам, тээврийн яамны хамт олонд талархал илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, Монгол, Хятадын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэж байгаа нь хоёр улсын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал алхам болж байна. Манай хоёр улс хоорондын худалдааны эргэлт энэ оны төгсгөлд 15 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа ба үүнийг нэмэгдүүлэхэд хоёр талын авто болон төмөр замын тээвэр, дэд бүтцийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа цахим худалдааны платформын дэд бүтцийг хөгжүүлэх явдал чухал юм. Монгол Улс, БНХАУ хооронд 1955 онд байгуулсан төмөр замын тээврийн хэлэлцээрийг шинэчлэх, агаарын тээврийн шинэ гарц байгуулах, мөн зүүн бүсийн төмөр замын босоо тэнхлэгийг барих тухай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдаж байсан ба эдгээр асуудлуудыг урагшлуулахад анхаарал хандуулахыг хүсье гэлээ.БНХАУ-ын Зам, тээврийн дэд сайд дэд сайд Ли Яан хүндэт төлөөлөгчдийг тус яаманд зочилж байгаад талархал илэрхийлээд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Монгол Улсын Зам, тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж байх хугацаанд манай хоёр улс хоорондын зам, тээврийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг болохыг тэмдэглэв. Тэрбээр, БНХАУ-ын Зам, тээврийн яамнаас хэрэгжүүлж буй ажил, хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар танилцуулж, төмөр зам болон агаарын тээврийн асуудлыг харилцан ашигтай байх зарчимд тулгуурласан хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Талууд автотээвэр болон төмөр замын транзит тээврийг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар ярилцахын сацуу хамтдаа хөгжих, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийг хангах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийн талаар санал солилцлоо.
Мөн өдөр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал 2023 онд хэрэгжсэн хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлал, хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засаг, худалдаа болон хилийн боомтын өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл хийв, Мөн тус Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Элчин сайдын яамны ажилтнуудад хандан Монгол Улсын Их Хурал, түүний Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос баримталж буй бодлого, зөвлөмжийг танилцууллаа. Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яам дэргэдээ Монголын соёл, мэдээллийн төв байгуулсан нь хилийн чанад дахь хамгийн анхны Монголын соёлын төв болсон аж. Уг төвийг 2022 оны 10 дугаар сард байгуулснаас хойш Монгол Улсыг сурталчилсан 50 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаад байгаа юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.