Газын зурвас дахь хямрал урьд хожид байгаагүйгээр хурцадлаа
Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямрал “урьд хожид байгаагүй түвшинд” хүрснийг НҮБ лхагва гарагт анхааруулжээ. Үүнээс нэг хоногийн өмнө Израилын тал хэлсэн үгийнхээ төлөө огцрохыг НҮБ-ын тэргүүнд хандан уриалсан юм. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Газын зурвас руу нэн даруй шатахуун түлш оруулахгүй бол тус зурваст хамгийн их хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг байгууллага болох НҮБ-ын UNRWA тусламжийн агентлаг өнөө шөнө үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй болно гэдгийг анхааруулжээ.
Одоогоор НҮБ-ын нийлүүлэх 400 мянган литр шатахуун Египет ба Газын зурвасыг холбодог "Рафах" хилийн боомтоор нэвтрэхээр хүлээгдэж байгаа аж. Израилын хувьд ХАМАС бүлэглэлийнхнийг их хэмжээний шатахуун нөөцөлж байна гэж үзээд шатахууныг аюулгүйгээр хүргэх баталгааг өгөөгүй бөгөөд ХАМАС-ыг цэргийн хэрэгцээнд зориулж шатахууны зарим хэсгийг ашиглах гэж байна хэмээн буруутгаж байгаа юм.
“Газын зурваст нэн шаардлагатай хүнсний хангамжийн 12 хоногийн нөөц байна гэж Дэлхийн хүнсний хөтөлбөр тооцоолсон. Гэхдээ дэлгүүрүүдэд тав хоногийн л нөөц бий гэсэн тооцоо гарсан” гэж С.Дюжаррик хэлжээ. Түүний хэлснээр, ундны усны хангамж мөн адил хүндрэлтэй байгаа бөгөөд хүмүүс худгийн ус ууж байгаа нь давс ихтэй, эрүүл мэндэд нь эрсдэлтэй гэж НҮБ үзэж байна.