ДЭМБ: Covid-19-ийн судалгааг ахалсан судлаачийг хүчирхийлэлийн хэргээр ажлаас нь халсан нь дуулиан тарьж байна
Коронавирусын цар тахлын гарал үүслийг судлахаар хоёр жилийн өмнө Хятадад ажилласан НҮБ-ын эрүүл мэндийн агентлагаас өндөр түвшний төлөөлөгчдийг ахалсан эрдэмтнийг ажлаас нь халсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.
ДЭМБ-ын Хятад дахь эрдэмтэдтэй хамтарсан багийг ахалж байсан Питер Бен Эмбарек ажлаас нь халсан гэж мэдэгдэв. “Түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сахилгын шийтгэл ногдуулсаны тогтоогдсоны дараа ажлаас нь халсан” гэж хэвлэлийн төлөөлөгч Марсиа Пул цахим шуудангаар мэдэгдсэн байна.
Сүүлийн саруудад олон тооны хэрэг, зөрчлийн талаар хэвлэлээр нийтлэгдсэний дараа ДЭМБ бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг, дарамтыг устгах хүчин чармайлтаа эрчимжүүлсэн гэж мэдэгдэв. Тодруулбал, Конго улсад Эбола вирусын дэгдэлттэй тэмцэх үеэр олон арван эмэгтэйчүүдийг системчилсэн хүчирхийлэлд өртсөн тухай хэвлэлээр 2020 онд анх гарсан. ДЭМБ болон түншүүдийн удирдлаган дор 80 гаруй ажилтан эмэгтэйчүүд, залуу охидыг хүчирхийлж, ажлын байрны хариуд бэлгийн харьцаанд орохыг шаардаж, зарим хохирогчийг үр хөндүүлэхийг албадсан нь НҮБ-ын эрүүл мэндийн агентлагийн түүхэн дэх хамгийн том бэлгийн хүчирхийллийн дуулиан болж байна.
Бен Эмбарекийн хувьд ДЭМБ-аас сонгогдсон олон улсын багийг удирдаж, 2021 оны эхээр Хятад руу аялж, цар тахлын хүнд халдсан анхны тохиолдол илэрсэн Ухань хотын Хуанань зах дээр очиж, вирус анх хэрхэн хүмүүсийг өвчлүүлж эхэлснийг тогтоохоор Хятадын эрдэмтэдтэй нягт хамтран ажилласан. Тус багийнхан тухайн жилийн гуравдугаар сард тайлан гаргаж, хамгийн их магадлалтай хувилбар бол COVID-19 сарьсан багваахайгаас хүнд өөр амьтанаар дамжин халдварласан гэж үзсэн бөгөөд лабораториос алдагдсан байх “магадлал маш бага" гэж үзжээ. ДЭМБ-ын албаны хүмүүс, тэр дундаа Ерөнхий захирал Тедрос covid19-ийн гарал үүслийг тодорхойгүй гэж мэдэгдэж байгаа бөгөөд лабораториос алдагдсан гэх онолыг үгүйсгэх аргагүй гэж үзэж буй.
Амьтнаас хүнд халдварладаг вирус судлалын Данийн мэргэжилтэн Бен Эмбарек 2021 оны сүүлээр Дани улсад болсон телевизийн нэвтрүүлэгт 2021 оны сүүлээр захын ойролцоох Хятадын лабораторийн талаар санаа зовж байгаагаа хэлж байв.
Үүний дараа ДЭМБ-Хятадын хамтарсан баг татан буугдсан бөгөөд ДЭМБ-аас боловсруулсан тусдаа шинжээчдийн баг коронавирусын гарал үүслийг олохоор ажиллаж эхэлсэн.
Сүүлийн саруудад цар тахлын улмаас нас барсан тохиолдлын тоо огцом буурсан ч өвчлөл үргэлжилсээр байгаа учраас COVID-19 нь олон улсын эрүүл мэндийн яаралтай тусламжийн асуудал хэвээр үлдэх эсэхийг шийдэхийн тулд ДЭМБ энэ долоо хоногт шинжээчийн бүлгийг хуралдуулсан байна.