Тэрбум төгрөгийг битүүмжлэх шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн Хотын дарга Х.Нямбаатарын гомдлыг 14:00 цагаас шүүх хэлэлцэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын нэг тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг шүүхээс гаргасан тухай бид мэдээлсэн.
Тодруулбал, “Эко автомашин импортлогчдын холбоо” НҮТББ нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, 1 тэрбум төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байсан юм.
Уг хүсэлтийг хэлэлцэж, бизнес эрхлэгчдийн хүсэлтээр Хотын дарга Х.Нямбаатарын хөрөнгөөс нэг тэрбум төгрөгийг битүүмжлэхээр шүүгчийн захирамж гараад байсан юм. Үүнийг эсэргүүцэн Хотын дарга гомдол гарсан байна. Тус гомдлыг авч хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 14.00 цагт болох аж.
Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл хийхдээ "Шүүхийн тогтоол бол гараагүй. Нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж гарсан. Надад тэрбум төгрөг байхгүй. Ийм эд хөрөнгө ч байхгүй. Шүүгчийн захирамжид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргасан. Би хэнээс ч уучлал гуйх шаардлагагүй" гэсэн юм.






