Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох залилах гэмт хэргийн шүүх хурал өнөөдөр болно

УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарт холбогдох хэргийг өнөөдөр 09:00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцэхээр товлосон. Хурал 09. 00 цагаас эхлэх гэж байна.
УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарын нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг энэ сарын 13-ны /2025.03.13/ өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэхээр болсон. Дээрх нэр бүхий шүүгдэгчид хувийн баталгаа гаргах, барьцаа авах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж.
Эргэн сануулахад, Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн бол Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, дээрх нэр бүхий хүмүүсийг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг “анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож байсан юм.






