“Ухаа худаг” ба “MCS”-ийн асуудлыг О.Алтангэрэл хариуцан дэнсэлхээр боллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын онц чухал стратегийн ордын нэг болох Ухаа худаг-ийг хувийн хэвшилд олгосонд бодит дүгнэлт гаргаж, ажил хэрэгчээр хандахыг Хуулийн сайд О.Алтангэрэлд даалгав.
Ухаа худаг бол Улсын төсвөөр хайгуул хийсэн, Тавантолгой бүлэг ордын хамгийн бага зардлаар өндөр чанартай коксжсон нүүрс олборлох Тавантолгойн ӨРӨМ НЬ гэж тотодгоод буй орд юм. Энэхүү ордын хайгуулыг Улсын төсвөөр хийсэн бөгөөд УИХ-ын тогтоолгүйгээр, Засгийн газрын ч тогтоолгүйгээр, Засгийн газрын ТЭМДЭГЛЭЛ гэгч юмаар MCS-ийн хувийн өмч болчихоод буй нь баримттайгаа ил болсон. Тэгвэл Монголын төр эл асуудал дээр анхаарлаа хандуулж ийнхүү шуурхайлан хөдлөж байна.
Ч.Сайханбилэгийн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг УИХ-аар оруулалгүй шийдвэрлэсэн явдлыг Л.Оюун-Эрдэнэ төрд авах ёстой гэж ЗГХЭГ-ын дарга байхдаа “Монголын Зэс”-ийнхэнтэй ширээний ард суухыг урьж байсан. Энэ хэлэлцээрийн ширээний араас өнөөдөр монголын уул уурхайн томоохон ордуудад төр ямар оролцоотой байх вэ гэдэг асуудал хурцаар тавигдсан юм. Тавантолгойн бүлэг ордын нэг болох Ухаа худагийг 2008 онд “Энержи ресурс”-ийн өр төлбөрт өгөх шийдвэрийг Ерөнхий сайд асан С.Баярын үед гаргаж байв. Уг нь 86 хувийг нь төрд буцааж авсан ч ийн хамгийн их нөөцтэй ордыг нь “MCS”-ийн Ж.Оджаргал тэргүүтэй 11 хүний эзэмшлийн хамтарсан консерциумд өгчихсөн. Баялгийн асуудал хөндөгдөж байгаа энэ цаг үед стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд дээр MCS талынхан эрх ашгийнхаа төлөө улс төрд олон талаар “нөлөөлж” байгаа нь үнэн. Эргээд Ухаа худагийг ямар замаар MCS-т өгсөн бэ гэдэг асуудлыг сөхөхтэй зэрэгцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуй нэгжид олгосон асуудлаар УИХ, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж танилцуулж боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан байна. “Эрдэнэс Монгол” нэгдэлд ТӨК-үүдийг нэгтгэж, менежментийг нь жишиг болгоно гэдэг асуудлыг Х.Нямбаатар гардан эхлүүлсэн. Харин ураны томоохон төслөө явуулж, дараа дараагийн олон улсын гэрээ байгуулахад жишиг болох “Орано майнинг”-ийн гэрээг Н.Учрал ажил хэрэг болгосны араас Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын гэрээг Ц.Туваан гардаж ажилласан нь Засгийн газар танхимаараа урагшилъя гэдэг амбицтай байгаа нь илт. Үндсэндээ салангид биш, нэгдсэн зарчмаар явъя гэдэг байр сууриа бататгаж энэ удаад Монголын чухал стратегийн ордын нэг болох Ухаа худаг-ийг хувийн хэвшилд олгосонд бодит дүгнэлт гаргаж, ажил хэрэгчээр хандахыг О.Алтангэрэлд даалгав.
Ажлын хэсгийн гишүүдээр Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын, Хууль эрх зүйн газрын дарга Д.Саруул-Эрдэнэ нар багтсан байна. Ингэхээр ажлын хэсгийн дүгнэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл биечлэн хариуцаж, танилцуулах үүрэг хүлээж байна.






