500 орчим хятад ажилчин шинэ төв цэвэрлэх байгууламжийг барихаар иржээ
Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил зургаан жилийн өмнө эхлүүлсэн ч өнөөдөр зогсонг байдалтай байна. Угтаа бол 2023 онд бүтээн байгуулалтын ажил хийж дуусаад бүрэн ашиглалтад орно гэж амлаж байв. Гэвч барилгын ажил, гүйцэтгэлийн хугацаанд өөрчлөлт орж бүрэн ашиглалтад орох хугацаа дахин сунгагдсан байдаг. Албаны эх сурвалжийн мэдээллээр бол барилгын ажил өнгөрсөн оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд ирэх долоо хоногоос барилгын блок дүүргэлт, угсралтын бусад ажил эхлэх юм байна.
Тиймээс тус бүтээн байгуулалтын талбайд ажиллах хятад ажилчдыг БНХАУ-аас оруулж ирж эхэлсэн байна. Энэ жил нийт 500 орчим хятад ажилчин шинэ төв цэвэрлэхэд ажиллах юм байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг 2020 онд эхлүүлсэн. Бүтээн байгуулалтад ажиллах хүч, тоног төхөөрөмжийн хувьд 100 хувь БНХАУ-аас импортлохоор болсон. Энэ жил Хятадаас өнгөрсөн жилийнхтэй ижил 500 гаруй ажилтан, дотоодоос туслан гүйцэтгэх компаниудын 1000 орчим ажилтан ажиллахаар төлөвлөжээ.
Монголын туслан гүйцэтгэгч компаниуд бетон, хайрга дайрга нийлүүлэх, барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах, харилцаа холбоо, цахилгаан, ус хангамж, ариутгал татуургын чиглэлээр ажиллаж байгаа аж.