Алдарт зохиолч сүүлчийн бүтээлээ шатаахыг хүссэн ч хөвгүүд нь "дахин давтагдашгүй"хэмээн хэвлүүлжээ
Нобелийн шагналт, алдарт зохиолч Габриель Гарсиа Маркес арван жилийн өмнө нас барсан. Тэрээр өвчинд нэрвэгдсэн үедээ бичсэн романыг хөвгүүд нь хэвлүүлжээ. Харин зохиолч сүүлчийн зохиолоо шатаахыг хүссэн аж.
“Наймдугаар сард уулзъя” номыг испани хэл дээр хэвлэсэн, энэ сарын 12-ноос дэлхийн олон оронд номыг борлуулна. Ямар хэл дээр хэвлэхээс шалтгаалан номын хуудас 100-120 байх юм. Энэ номонд жил бүрийн наймдугаар сард ээжийнхээ шарилыг эргэхээр нэг арал руу ганцаараа явдаг эмэгтэйн тухай өгүүлдэг. Ana Magdalena Bachorta гэрлээд 20 жил болсон, сайхан гэр бүлтэй ч жил бүр шинэ хайртай учирдаг аж. Габриель Гарсиа Маркес зохиолынхоо гол баатраар анх удаа эмэгтэй хүн сонгожээ. Түүний хүү Гонзало “Аав нас барахаас өмнө түүний бүтээлийн талаар би зөв шийдвэр гаргах боломжгүй байв. Саяхан түүний сүүлийн бүтээлийг уншаад аавын бодсон шиг муу биш юм гэж бодогдсон. Аав энэ бүтээлийнхээ алдааг л хараад, сонирхолтой талыг нь анзаараагүй.
Энэ бүтээл Габогийн шинэ талыг уншигчдад харуулна, дахин давтагдашгүй бүтээл болсон тул аавын нэр хүндийг үгүй хийхгүй. Номыг бичиж дуусгасан байсан тул бид нэмж бичих шаардлага байгаагүй. Засвар ч бага оруулсан. Би аавынхаа захиасыг бодсон ч хүүхдүүд үүний тулд л байдаг шүү дээ" хэмээжээ.