Б.Тэргэл “Шилдэг шинэ жүжигчин”-ий шагнал хүртлээ
“Asian film awards academy-2024” наадмаас “Сэр сэр салхи” Монголын уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Тэргэл “Шилдэг шинэ жүжигчин”-ий шагнал хүртлээ. Азийн нэр хүндтэй наадамд зүй ёсоор тооцогддог “Asian Film Awards 2024”-д Монгол Улсаас анх удаа “Сэр сэр салхи” буюу "City of Wind" уран сайхны киноны ерөнхий найруулагч П.Лхагвадулам “Best new director” төрөлд, гол дүрийн жүжигчин Б.Тэргэл “Best new comer” төрөлд тус тус нэр дэвшсэн билээ. Тус нэр хүндтэй наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр буюу 3-р сарын 10-ны өдөр Хонг Конгт болж байгаа бөгөөд “Best New Comer” номинацийн ялагчаар “Сэр сэр салхи” УСК-ны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл тодорсон нь онцгой үйл явдлаар нэрлэгдэж байна. Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн Кино урлагийг дэмжих сангаас тодорхой хэсэгт санхүүжүүлсэн “Сэр сэр салхи” УСК нь 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Оризонти” хэсэгт шалгарч, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Б.Тэргэл хүртсэн. Мөн 96 дахь удаагийн Оскарын кино наадамд Монгол Улсыг албан ёсоор төлөөлөн оролцох киногоор нэрлэгдсэн юм.