Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэд хоёр жилийн хорих ял оноожээ

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Хангай констракшн” компанийн удирдах албан тушаалтан С.Гал-Эрдэнийг цагдаагийн ажилтанд хахууль өгсөн хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдаж С.Гал-Эрдэнийг хахууль өгсөн, О.Жамъяансүрэнг хахууль авсан гэм буруутай гэж үзэн, нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр дөрвөн жилээр хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ялаар тус тус шийтгэж, хахуулийн хоёр сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Тэрбээр 2023 оны долдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 5.4-4 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст шалгуулж байсан. Энэ үедээ оршин суудаг хорооныхоо хэсгийн байцаагчаар ажиллаж байсан, ахлах дэслэгч О.Жамъяансүрэнд хахууль өгч хэргээ хаалгах гэж хандсан байдаг. Ингэхдээ цагдаагийн ажилтны хамаарал бүхий хүнийх нь дансруу хоёр ч удаа мөнгө шилжүүлсэн байна.






