Төр засаг татвар төлөгчдийг мөшгөж орлогоо нэмэгдүүлэх бүхий л аргыг хайж байна
Татвар төлөгчид хатавчинд төсөв тоногчид ордонд байхад монголчууд сайхан амьдрал мөрөөдөх нь лөөлөө. Ард түмний нуруун дээр байгаа татвар, зээлийн дарамтыг л харчих. Цалингаа авахдаа хүн амын орлогын албан татвар төлнө. Татвар төлөөд авсан цалингаараа худалдаа хийнэ. НӨАТ төлнө. Төлсөн НӨАТ өө буцаах болохоор хүчээр сугалаанд орж байна. Нийгмийн даатгал нь ажилтан ажил олгогч хоёроос давхар даатгал авна. Өнөөдөр Монголын төр засаг татвар төлөгчдийг мөшгөн хөөж орлогоо нэмэгдүүлэх бүхий л аргыг хайж байна.
НӨАТ-ын 10 хувь, ажиллагсдынхаа өмнөөс цалингийн сангийн 10 хувиар хүн амын орлогын татвар, дахиад 20 хувийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд, эцэст нь цэвэр ашгийнхаа 10 хувиар тус тус татвар төлдөг. Татварын ачаалал нийт орлогын 47 хувьтай тэнцэж байхад яаж сайхан амьдралыг мөрөөдөж чадах вэ. Татварын бодлого нь өөрөө иргэдийг боомилсон байхад бурхан будда байгаад ч бидэнд туслаж чадахгүй биз.
Иргэд хөдөлмөрлөж бий болгосон үнэ цэнээсээ өөртөө их авч үлдэх тусам илүү их үнэ цэнийг бүтээдэг. Орлогынхоо ихэнхийг татварт хураалгаад байхаар иргэдийн хөдөлмөрлөж бүтээх, урам зориг нь буурдаг. Энэ бол батлагдаагүй хууль. Анхнаасаа бодлого, тогтолцоог ийм байхаар хийсэн байна. Тэгэхээр монголчуудыг сэхээх биш дордуулах нь хэнд ашигтай байж таарах вэ. Ийм зүйлтэй бид эвлэрч, нуруугаа тасартал ажиллаж, нохой мэт зүтгэж татварын дарамтанд амаа үдүүлсээр суух үү.