ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын хэргийг шүүхэд шилжүүллээ
Авлигатай тэмцэх газраас /2024.11.12/ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан талаар мэдээлж байв. Тэгвэл прокурорын байгууллагаас энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Түүнийг 2020 онд ЭМДЕГ-ын даргаар томилж байсан бол 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож байсан юм.
Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан тушаалтнууд бусдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан, хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депогийн албан тушаалтан Х.З нь ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан тушаалтнууд бусдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан, хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Хөдөө аж ахуйн их сургуулийн албан тушаалтнууд зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1.2 /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/, 17.4 дүгээр зүйлийн 1 /Хөрөнгө завших/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан тушаалтан С.Е нь албан тушаалын байдлаа ашиглаж, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 2 /Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны албан тушаалтан Б.Б нарын 9 хүнд холбогдох авто замын шалган нэвтрүүлэх боомтын хилийн цогцолборт хяналт шалгалт хийлгэхээр мэдүүлсэн ачаа, барааг шуурхай шалгах, хяналт шалгалтын явцад ачааг буулгахгүй байх, хилийн цогцолбороос гаргаж өгсний хариуд хахууль авсан, хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд,
- Дорнод аймгийн прокурорын газраас бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн албан тушаалтан Д.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, анхан шатны баримтаар баталгаажаагүй ажлын гүйлгээг хийж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.