Г.Мөнхбаяр: Иргэн Э.Одбаяр руу дайрсан гэх гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг үүсгэсэн
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үүдэнд нүүрэндээ маск зүүсэн залуу иргэн Э.Одбаяр руу дайрч байгаа гэх бичлэг цахим сүлжээнд цацагдаад буй.Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодруулахад "Цагдаагийн байгууллагад цахим орчинд гарсан бичлэгийн асуудлаар өчигдөр гомдол мэдээлэл ирсэн. Үүний дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна. Зөрчлийн хэрэг нээсэн тул маск зүүсэн хүн болохыг шалгалтын явцад тогтооно. Урьдчилсан байдлаар ямар нэгэн дүгнэлт хэлэх боломжгүй. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа" гэв.
Эргэн сануулахад : Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын үүдэнд Э.Одбаярыг заналхийлсэн хэрэг өчигдөр /2023.04.27/ гарсан талаар цахим хуудаст бичлэг цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “танхайрсан гэх этгээдийг саатуулаагүй, шалгаж байгаа. Мэдүүлэг авч, мөрдөн шалгалтыг үргэлжлүүлнэ” гэлээ. Э.Одбаярт танхайрсан гэх этгээд нь реппер бөгөөд Жуковын талбайд хийсэн клипийг нь буруушаасан агуулгыг нийтэд хүргэсэн учраас Э.Одбаярт анхааруулсан аж. Тэрбээр, Дэлгэрмөрөн Мөнх-Оргил гэх өөрийн хаягнаас гадаадын ухуулга, түүхийн гуйвуулагч нартай тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Мөн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт зорьж очоогүй ажлаар явж байх үедээ Э.Одбаяртай таарсан гэдэг.
Дабль стандартыг эсэргүүцэгч залуус 2021 оноос үзэл бодлоо илэрхийлж, тайван замаар жагсаал цуглаан хийж байв. Гэсэн ч өнгөрсөн онд тус хөдөлгөөнийхөнд Д.Монголхүүг оргуулсан, гар утсаар бичлэг хийж болохгүй гэх шаардлагыг эсэргүүцсэн зэрэг үндэслэлтэй хэрэгт холбогдуулж шалгаж эхэлсэн байдаг. Улмаар дабль стандарт, дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн залууст 2022 оны арваннэгдүгээр сард тус бүр 1-1,2 жил цахим гавтай зорчих эрх хязгаарлах ял оноосон. Энэ оны нэгдүгээр сарын 31-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцэж, өмнө нь оноосон ялйг хэвээр үлдээсэн. Э.Одбаяр, Б.Билгүүн, Ц.Чинбат нарын таван хүн Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүхээр гэм буруугүй гэдгээ тогтоолгох гомдол гаргасан ч Улсын дээд шүүх гомдлыг хэлэлцэхээс татгалзжээ. Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг энэ сарын 5-ны өдөр хэлэлцсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдээсэн юм. Ийнхүү Э.Одбаяр нарын таван хүн нэг жилийн хугацаанд зорчих эрхээ хязгааруулсан бөгөөд өчигдөр /2023.04.27/ Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт цахим гав зүүх үеэр халдлагад өртсөн.
Хэргийг эргэн сануулбал, Э.Одбаяр нь өөрийн ашигладаг фейсбүүк цахим сүлжээний “Odbayar Demos.mn /зон/” нэртэй пэйж хаягт 2021 оны долдугаар сарын 31-ний өдрийн 03:16 цагт твиттер цахим сүлжээний “Odbayar Demos.mn /зон/” нэртэй хуудсанд 2021 оны долдугаар сарын 31-ний 03:05 цагт “…Иргэн Э.С-г санаатайгаар дайрч, тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. МАН-ын гишүүн М.Б /ЕС-ын хүн/ хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ…” гэсэн илт худал мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, иргэн М.Бас-Эрдэнэ нарын зурагтай хамт нийтэлж тэдний нэр төр, алдар хүндэд халдаж олон нийтэд тараасан гэмт хэрэгт,
- Э.Одбаяр, Ц.Чинбат, Л.Ганхөлөг, Б.Билгүүн, Б.Бямбагэрэл нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн шалган нэвтрүүлэх хэсэгт иргэн Д.Монголхүүг шалган нэвтрүүлэх хэсгийн сканер хаалгаар хүчээр түлхэн гарч авч яван шүүгдэгч хууль сахиулагчдын хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Одбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.