Непалын шерпагүй, хүчилтөрөгчийн баллонгүй явсан таван уулчин амиа алджээ

10-р сарын 9, 2024 - 07:54
2 сарын өмнө
 0  158
Непалын шерпагүй, хүчилтөрөгчийн баллонгүй явсан таван  уулчин амиа алджээ

 Даулагири бол Гималайн нурууны 8000м-ээс дээш өндөртэй 14 уулын нэг, дтд 8167 өндөртэй дэлхийн 7 дахь өндөр оргилд  гарахаар Оросын уулчид авирч эхэлжээ. Зургаан уулчин явсан байна. Тухайлбал, уулчин Александр Душейко, Олег Круглов, Владимир Чистиков, Михаил Носенко, Дмитрий Шпилевой, Валерий Шамало нар дтд 7420м өндөрт 10-р сарын 5-6 -ны шөнө отоглож хоножээ. Өглөө 6 цагт өндрийн отгоос хөдөлсөн ч нэг их холдоогүй байхад Валерий Шамалогийн бие муудаж отог руугаа буцах шийдвэр гаргажээ. Open photo

Бусад нь замаа үргэлжлүүлсэн байна. Тэд нэг олсонд орж явсан нь иймэрхүү бартаат замд хэн нэг нь унах үед бусад нь хамгаалалт авах боломжийг бий болгох заавал биелүүлэх ёстой нөхцөл юм. Нөгөө талаас оросын уулчдыг бүгдийг нь унагасан гол шалтгаан нь олс байжээ. 11:00 цагт тэд сүүлийн удаа холбогдоод холбоо тасарчээ. 10 сарын 8-ны өглөө эрлийн нисдэг тэрэг хөөрч отгийг олоход тэнд бусдыгаа хүлээж байсан Валерий Шамало юу тохиолдсоныг огт мэдээгүй байжээ. Түүнээс салаад хэдхэн минутын дараа нэг уулчин нь унасны улмаас бусад нь олсондоо татагдан араас нь унасан гэж үзэж байна. Тэдний цогцсыг дтд 7100м дээрээс олсон ба 7600м-ээс унасан гэж таамаглаж байна. 


Энэ баг непалын шерпагүй, хүчилтөрөгчийн баллонгүй явж байсан байна. Авиралтыг удирдаж байсан хүн нь Санкт Петербург хотын бизнесмен Александр Душейко байсан ба багийн бусад гишүүдийг интернэтээр зар тавьж цуглуулсан байжээ. Хамт оргилдох сонирхолтой хүмүүсийг уриалж тавьсан зарын дагуу Орос орны өнцөг булан бүрээс хүмүүс нэгджээ. Баг эхэндээ 14 хүний бүрэлдэхүүнтэй байсан ч цаг агаарын байдлаас болж олон хоног хүлээсний эцэст заримынх нь даатгалын хугацаа, авирах зөвшөөрлийн хугацаа дууссан байна. Авирсан 6 залуу бүгд  7000-т оргилуудад авирч байсан туршлагатай байсан ч 8000-ын туршлагатай хүн нэг ч байгаагүй. Хамгийн туршлагатай нь Валерий Шамало байсан ч энэ удаагийн авиралт түүний хувьд гэмтлээс болж завсарласан гурван жилийн дараагийн анхны авиралт байжээ. Тэр хөлөө хөлдөөж, хуруунуудаа тайруулсан байсан. Даулагиригийн авиралт нь түүний хувьд туршилтын авиралт байжээ.Open photo 

Амьд үлдсэн Валерий Шамалог Катмандуд хүргэсэн бөгөөд бусад уулчдын шарилыг буулгах оролдлого хийж байна.


Даулагири бол Гималайн нурууны 8000м-ээс дээш өндөртэй 14 уулын нэг, дтд 8167 өндөртэй дэлхийн 7 дахь өндөр оргил юм. Оросын уулчид, уулын спорт сонирхогчид энэ ууланд оргилдохоор нэлээд хэдэн сар бэлдсэн байна. Уулын нэрийн утга “Цагаан уул” гэж орчуулагддаг ч уугуул нутгийнхан хүн идэшт махчин уул гэж нэрлэх нь бий. Цаг агаарын эрс өөрчлөлттэй, хүнд замуудтай ууланд тооцогддог. Байнгын цас ордог, хүчтэй цасан нуранги болдог зэргээс хамаарч хүний амиа алдах магадлал 16% байдаг байна. Оросын уулчид бүгд энэ бүхнийг маш сайн мэдэж судалсан, бүгд нэг биш өндрийн авиралтын ард гарсан туршлагатай учир өөрсдийн чадварт итгэлтэй байжээ.

Share:
158

like

dislike

love

funny

angry

sad

wow