Солонгосын багш нар эцэг эхчүүдийн дарамтыг эсэргүүцэн жагслаа
БНСУ-ын багш нар өнгөрсөн долоо хоногоос тэмцэл өрнүүлж эхэлсэн. Тэд бямба гарагт парламентын ордны гадна болсон жагсаалд Солонгосын өнцөг булан бүрээс 200 000 багш ирж оролцжээ. Өнөөдөр ч багш нар илүү өргөн хүрээтэй тэмцэл өрнүүлэхээ мэдэгдсэн бөгөөд сургуулийн захиргаад нэг өдрийн чөлөө хүсчээ. Улсын хэмжээнд 30 гаруй бага сургууль даваа гарагийн хичээлийг цуцлаад байгаа юм. Багш нарын үйлдвэрчний эвлэлээс жагсаал 16.30 цагт Үндэсний ассамблейн ордны гадна талбайд эхлэхийг мэдэгдлээ.
Сүүлийн үед сурагчид, эцэг эхчүүдийн дарамт шахалтад өртсөн багш нарын эрхийг хамгаалах асуудал Солонгосын нийгэмд хүчтэй зөрчил авчирах болсон. Долоодугаар сард Сөүл хотын нэгэн залуу багш эцэг эхчүүдийн дарамтыг тэсвэрлэлгүй амиа хорлосон бол өнгөрсөн долоо хоногт Гёнги муж болон Гунсан хотод тус бүр нэг багш амиа егүүтгэсэн. Энэ нь багш нарыг босоход хүргэсэн байна. Жагсаалд нэгдсэн багш нар мэргэжил нэгтнүүдийнхээ үхлийн цаад үнэнийг олж тогтоох, хүүхэд хамгаалах хуулийн тодорхой заалтыг өөрчлөх, сурагчдад шаардлагатай сахилгын арга хэмжээ авах эрхээ хадгалж үлдээхийг Үндэсний ассемблейгаас шаардаж байгаа аж.