Д.Амарбаясгалан: Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт орон даяар эхэлсэн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутгийн сонгуульд саналаа өглөө.
Тэрбээр "Орон нутгийн хөгжлийн бодлого нийслэлийн ИТХ-аар дамжуулан хэрэгждэг. Өмнөх жилүүдэд нийслэлийн ИТХ-ын сонгууль ирц багатай болж өнгөрдөг байсан. Тиймээс сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж ирцийн босгыг халсан. Иргэд амьдарч байгаа орчиндоо илүү тав тухтай амьдрахыг илүү анхаарах болов уу гэж найдаж байна. Иргэд өөрсдийнхөө бодож буй хөтөлбөрийг төлөөлөгчөөрөө дамжуулж орон нутагтаа хэрэгжүүлэх боломж хэмээн харж сонгуульдаа идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна. Оролцсоны үр дүнд сонгуулийн дөрвөн жилийн циклээр дүн тавьдаг боломжийг олж авна" гэв.
Орон нутгийн энэ удаагийн сонгуульд 8031 мандатын төлөө 17278 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнээс бие даагч 268 хүн байгаа юм.