В. Путин 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

11-р сарын 7, 2023 - 18:32
1 жил өмнө
 0  15
В. Путин 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Ройтерс агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх оны 3-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон гэсэн мэдээлэл байна. Энэ сонгуульд ялах юм бол Владимир Путин 2030 он хүртэл төрийн эрхэнд сууна. ОХУ-ын түүхэн эгзэгтэй үед Орос орныг удирдан чиглүүлэх нь түүний үүрэг гэж үзсэн талаар мэдээлэл олон нийтийн хэрэгслүүдээр цацагджээ. Путин 1999 онд анх ерөнхийлөгчийн бүрэн эрхийг авч байсан. Оросын түүхэнд Йосеф Сталинаас хойш хамгийн урт удаан хугацаанд төрийн эрхийг барьж байгаа удирдагч юм.


Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээлснээр бол энэ жил 71 настай ерөнхийлөгч Путины сонгуулийн кампанит ажил удахгүй эхлэх төлөвтэй байна. Харин Кремлийн зүгээс Даваа гарагт гаргасан албан мэдэгдлийн дагуу ерөнхийлөгч Путин энэ талаар дурдаагүй болохыг сануулж байна. Мөн сонгуулийн кампанит ажил ч шийдэгдээгүй байгаа гэж дурдлаа.


 Хэрвээ Путин ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр бол улсын дотоодод ард иргэдийн 80 орчим хувь нь түүнийг сонгоно гэсэн албан бус санал асуулгын тоо баримт байна. Засгийн газраас нь ч  түүнийг дэмжих нь лавтай, одоогоор улсын дотоодод түүнийг эсэргүүцэх онцгой хүч байхгүй тул ирэх жилийн сонгуульд ялах бүрэн боломжтой гэж олон улсын ажиглагчид харж байна. Зарим гадны дипломатч, шинжээчдийн үзэж байгаагаар Путин насан туршдаа ерөнхийлөгч болох боломжтой гэхдээ одоогоор түүнийг ирэх жилийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн албан мэдэгдэл гараагүй тул хүлээх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

Кремлийн зүгээс олон улсын эдгээр мэдээллийг няцааж, барууны орнуудын тараасан ташаа мэдээлэл гэсэн байр суурийг мөн илэрхийлж байсан. Барууны орнуудын зүгээс Орос-Украины дайныг өдүүлснээр нь Путиныг дайны гэмт хэрэгтэн, Орос орныг империализмын загвар луу оруулж байгаа улс төрийн дарангуйлагч гэж ил тод тодорхойлдог.


Харин Путины зүгээс энэ дайныг дан ганц Орос-Украины асуудал биш, АНУ-тай сөргөлдөх дэлхийн хэмжээний асуудал гэж хардгаа илэрхийлж байсан. Кремлийн зүгээс мөн барууны орнууд энэ дайныг ашиглаж Орос улсыг бутаргах, байгалийн арвин нөөц баялгийг нь авах гэсэн санаа агуулдаг гэсэн байр суурийг өмнө нь илэрхийлж байсан. Ямартай ч Орос-Украины дайн эхлээд хоёр дахь жилийнхээ ойн босгон дээр ОХУ-ын зэвсэглэлийн үйлдвэрлэл эрчимжсэн үзүүлэлттэй, энэ оны эдийн засгийн өсөлтөө 2,1 их наяд доллар буюу Европын Холбооны эдийн засгийн өсөлтөөс давсан үзүүлэлттэй гарна гэсэн хүлээлт үүсгээд байгаа. Путин дотооддоо болон бүс нутгийн орнуудад хэд хэдэн удаа айлчилж, олны өмнө гарсан. Сонгуульд өрсөлдөх бүрэн боломжтой гэж олон улсын зүгээс үзсээр байна.


Гэхдээ Оросын эдийн засгийн энэ оны өсөлтийн төлөв өндөр байгаа ч инфляц эрчимтэй өссөн, рублийн ханш унасан зэрэг нь эдийн засгийн томоохон сорилт болсоор байна. Үүнээс гадна Путины олон улс дахь нэр хүндийг улам унагааж байгаа нэг зүйл нь хоёр сарын өмнө Вагнер бүлгийн толгойлогч Пригожин онгоцны ослоор амиа алдсан хэрэг юм. Барууны орнуудаас мөн Путин дахин засгийн эрхэнд гарвал ОХУ-ыг тоталитар дэглэм рүү ухарч буй хэрэг болно гэсэн дүгнэлт гаргасаар байна.  

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow