Израил улс “Хамас” бүлгийн гол нуувчийг устгасан гэж мэдэгдлээ

11-р сарын 1, 2023 - 16:06
1 жил өмнө
 0  55
Израил улс “Хамас” бүлгийн гол нуувчийг устгасан гэж мэдэгдлээ

Өнгөрсөн шөнө Израилын агаарын хүч Газын зурвас дахь Жабалиа дүрвэгсдийн хуаранг бөмбөгдсөн байна. Одоогийн байдлаар энэ бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан хүний тоо нарийн тодорхой болоогүй байгаа байна. Израилын зүгээс энэ дайралтаа Хамас бүлэглэлийн удирдагчдын нэг болон газар доорх Хамас бүлгийн түшиц газрыг онилж хийсэн гэсэн мэдэгдлийг гаргасан байна. Израилын агаарын болон хуурай замын довтолгоо үргэлжилж байгаа цаг үетэй зэрэгцэн Хамас бүлэг барьцаанд байгаа гадны иргэдээс ойрын хугацаанд суллахаар болсноо мэдэгдэж, мөн байлдааны хамгаалах тактик руу шилжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Израилын талын мэдээлж байгаагаар Жабалиа дүрвэгсдийн хуаран руу хийсэн дайралтад Хамас бүлгийн хамгийн том удирдагчдын нэг болох Ибрахим Биариг бүлгийн гишүүдийнх нь хамтаар устгасан гэж мэдэгдсэн байна. Мөн Израилын хуурай замын хүч Жабалиагийн баруун хэсгийг эзэлж авлаа гэж мэдэгдсэн. Түүнчлэн Жабалиа дүүрэгт орших түшиц газартаа Хамас бүлгийнхэн 10-р сарын 7-ны халдлагаа төлөвлөж, зохион байгуулсан гэж Израилын тал үзэж байгаа юм. Тус түшиц газрыг онилж бөмбөгдөхөд ойр орчмын барилга цохилтод нь өртөж нурсан. Энэ үр дагавраас зайлсхийх боломжгүй байсан гэж мэдээлсэн байна. Одоогийн байдлаар энэ бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан хүний тоог Улаан загалмайн нийгэмлэгээс 25, Хамас бүлгийн зүгээс 50, Газын зурвасын эмнэлгүүдээс 120 гэж гаргаж байгаа нь нарийн тоо гаргахад бэрхшээлтэй болгож байгаа юм байна. Мөн бэртэж гэмтсэн хүний тоотой нийлээд 400 хохирогч бүртгэгдлээ гэж Жабалиагийн эмнэлгээс мэдээлсэн байна. Израилын тал Хамас бүлгийн цэргийн түшиц бааз руу дайрсан гэж байгаа ч дайралтад өртөж амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгааг мэдээлж байна. Үүнтэй зэрэгцэн Хамас бүлгийн Аль Кассам бригадуудаас дайны хамгаалах тактик руу шилжиж байгаагаа мэдэгдлээ. Мөн барьцаанд байгаа гадны иргэдээс суллахаар болсныг мэдээлсэн байна.


Абу Обейда “Хамас” бүлгийн хэвлэлийн төлөөлөгч “Гадны орнууд Газын зурваст хорионд байгаа иргэдээ суллуулахаар зуучлалын замыг сонгож, бидэнтэй холбогдож байгаа. Манай бүлэг ойрын хугацаанд тодорхой тооны гадаад иргэдийг суллах болно. Бидэнд тэднийг хорих сонирхол байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн манай Аль Кассам бригадууд Аллахын авралаар усан цэргийн хүчээ сэргээлээ. Манай дайны хамгаалах тактик одоо л эхэлж байна. Израилын талаас хуурай замын довтолгооныхоо хүрээнд барьцаанд байсан нэг хүнийг суллаж чадсан гэж мэдэгдэж байсныг Хамас бүлгийн хэвлэлийн төлөөлөгч няцаасан байна. Израилын тал Газын зурваст хорионд байгаа нэг ч хүнд хүрч чадаагүй гэж нэмж хэлсэн юм. Израил болон Хамасын аль ч тал байлдааны байдлаа бууруулахгүй гэж мэдэгдэж байгаа энэ цаг мөчид Газын зурвасыг чиглэн Израилын танк болон хуягт хэрэгслүүд ойртсоор байгаа юм байна. Палестиныг дэмжигч гадны бүлэглэлүүд Израил руу олон тооны пуужин, дрон хөөргөснөө зарласаар байна. Дайны голомт болсон Газын зурваст ард иргэдийн эрүүл мэндийн асуудал гамшгийн хэмжээнд хүрснийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас анхааруулж, усны хомсдолоос үүдэлтэй нялхсын эндэгдэл хамгийн гол асуудал болж байгааг дурдлаа.


. Дайн эхэлснээс хойш Газын зурваст 8500 орчим хүн амь насаа алдсан байна. Израилын тал газын зурвасын өнцөг булан бүрд агаарын болон хуурай замын довтолгооноо үргэлжлүүлж, 300 орчим байг устгаад байгаагаа мэдээлсэн байна.

Share:
55

like

dislike

love

funny

angry

sad

wow