Увсын Засаг дарга Ч.Чимэд нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

2-р сарын 27, 2024 - 09:23
10 сарын өмнө
 0  44
Увсын Засаг дарга Ч.Чимэд нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

Авлигатай тэмцэх газар эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийн дунд:

  • Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Ч”, “О”, “Б” нар нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэг багтжээ. Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нар юм. Тэднийг 2022 оноос хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

Засаг дарга Ч.Чимэд өөрийнхөө зөвлөх, нэг намын болон төрөл садны хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгож, хууль зөрчин, худалдаа үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар газар олгосон хэрэгт холбогдсон билээ. Аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй хэсэгт “Тэмүүлэл-Увс” ХХК-д эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар 200, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар “Улааншүрэн чандмань” ХХК-д 4800, иргэн Д.Н-д 1000, барилга, байгууламжид зориулж Б.М, Б.Б нарт тус бүр 1500, авто засварын газар нэрээр П.А-д 48, зочид буудлын зориулалтаар “Супрема бүтик лоджэс” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Увс аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтнууд өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон үйлдэл ч тогтоогдсон аж. Тухайлбал, Улаангом сум хариуцсан газрын даамал Б.Ариунзаяа, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэтэй хамтарч иргэн Э.Батболдын эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний 0.07 га газрын зориулалтыг өөрчлөн 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй байхад нэмж 2100 ам метрийг олгон албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж байна.

Share:
44

like

dislike

love

funny

angry

sad

wow