Улстөрч Навальныйн үхэлд Путинийг буруутгаж эхлэв
ОХУ-ын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный шоронд амьсгал хураасан мэдээлэл түгсэн. Түүнийг нас барсныг мэдсэн эхнэр Юлия Навальный Мюнхэнд болсон аюулгүй байдлын бага хурлын үеэр үг хэлэхдээ нөхөр нь нас барсан гэж батлагдвал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний холбоотнууд шангаа хүртэнэ гэжээ. Юлия нулимс урсган “Путин болон Путиний засгийн газарт итгэж болохгүй. Тэд үргэлж худлаа ярьдаг. Гэхдээ энэ үнэн бол Путин, түүний эргэн тойрныхон, найзууд бас түүний засгийн газар манай улс, миний гэр бүл, нөхрийн өмнө хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх болно гэдгээ мэдээсэй гэж хүсэж байна. Хариуцлагын өдөр тун удахгүй ирнэ” хэмээсэн юм. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден улстөрчийн үхэлд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг буруутгажээ.
Өчигдөр Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ Байден “Яг юу болсон талаар бид мэдэхгүй байгаа ч Навальныйн үхэл бол Путин болон түүний дээрэмчдийн хийсэн зүйлийн үр дагавар болох нь эргэлзээгүй” гэж хэлсэн байна. “Оросын эрх баригчид үйл явдлыг өөрийнхөөрөө тайлбарлана. Гэхдээ нэг зүйлийг үгүйсгэж болохгүй. Навальныйн үхэлд Путин буруутай” гэж хэлжээ.