УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилийн хориг тавьжээ
Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнд хилийн хориг тавьсан байна. Тэднийг хэдэн сарын өмнө яллагдагчаар татсан. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал Улсын ерөнхий прокурор УИХ-д хүргүүлсэн ч танхимынхан нь аваад үлдсэнийг уншигчид санаж байгаа. Харин саяхан энэ асуудлыг дахин тавьсан байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-1 дэх хэсгийн “Яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Хөгжлийн банкнаас “Хөтөл”, “Кью Си Эс”, “Бэрэн”, “Эрдэнэс Монгол” компанид зээл олгосон асуудалд яллагдагчаар татсан. Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкны зээлдэгч аж ахуйн нэгжээс хахууль авч, түүнийгээ орон сууц болгон мөнгө угаасан хэмээн яллагдагчаар тооцоод буй билээ. Харин Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эрх мэдлээ урвуулж, бусдад буюу Х.Ганхуягийн хамаарал бүхий хүний эзэмшлийн “Вертекс майнинг партнерс” ХХК-д Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт буруутган шалгаж аж.