Т.Доржханд: Давж заалдах шатанд бүгдийг нь цайрууллаа, хулгайчдаа шийтгэхгүйгээр авлига буурахгүй, улс хөгжихгүй
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, 27 шүүгдэгчийг цагаатгасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийллээ.
Тэр хэлэхдээ, "Хөгжлийн банкны сонсгол хийхийг шаардаж, санаачилж, талбай дээр жагсаж, сонсголд бүтэн оролцож байж энэ хулгай нийтэд ил болсон. Үр дүнд нь Ерөнхий сайд асан, сайд нар, УИХ-ын гишүүд бүхий 80 яллагдагчтай хэрэг анхан шатны шүүх дээр нээлттэй 3 сар хэлэлцэгдсэн. Харамсалтай нь наадмын өмнө алх цохиж Хөгжлийн банкны дунд шатны 4-5 захирал, ганц нэг гишүүнд ял өгсөн бол Давж заалдах шатанд бүгдийг нь цайруулав.
Хараат бус хууль, шүүхийн байгууллагын тогтолцоог бүрдүүлэхгүйгээр хариуцлага тооцох боломжгүй нь тодорхой боллоо. Хулгайчдаа шийтгэхгүйгээр авлига буурахгүй, улс хөгжихгүй.
Ганц л боломж байна. Худал ярьж, хулгай хийдэггүй улстөрийн институц, эр зоригтой, шударга улстөрчдийг сонгох замаар хуулийн салбарын идээ бээрийг шахах шаардлагатай" гэв. Мөн
тэрбээр " Өнөөдөр парламентад суудалтай ХҮН нам Үндэсний аудитын газарт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. УИХ-д суудалтай гурван нам энэ удаагийн сонгуульд дангаараа оролцох нь тодорхой боллоо. ХҮН намын дарга Т.Доржханд “Мөрийн хөтөлбөр судалгаанд үндэслэсэн, мөрөөдлийн цаас бус хэрэгжихүйц байх ёстой, үр дүнд нь Монгол Улсын иргэдэд үр өгөөжөө өгдөг байх ёстой.
Салбар бүрд тулгамдсан асуудлыг мэргэжлийн байдлаар шийдэх шийдлүүдээ тодорхой тусгасан. ХҮН нам бол салбар, салбарын мэргэжилтнүүдтэйгээрээ улс төрийн намуудаас ялгардаг, бид иргэдэд бодитой ямар ажил хийх ээ ярина, санал авах зорилгоор популизм хийхгүй, мөрөөдлийн амлалт тавихгүй, халамжаар өрсөлдөхгүй. 20 гаруй намаас сонгуульд эвсэж оръё гэсэн саналыг ХҮН намд тавьсан. Эвсэл болж орох санал ирүүлсэн улс төрийн намуудад хүндэтгэлтэй хандах болно. ХҮН нам Төлөөлөх зөвлөлийн 100 гаруй гишүүдээрээ хэлэлцээд 2024 оны сонгуульд дангаараа орохоо 100 хувь санал нэгтэйгээр шийдсэн. Монгол Улсад парламентын ардчилал бэхжих шаардлагатай, олон намын тогтолцоо бодитойгоор хөгжих ёстой гэдэг дээр бид санал нэгдсэн юм” гэв.