Төрийн өмчит 5 бааз байгуулахыг НИТХ дэмжлээ
НИТХ-ын хуралдаанаар мөн Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар уг асуудалтай холбоотой танилцуулгыг төлөөлөгчдөд хийлээ. Одоогийн байдлаар Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч газрын бүтэц орон тооны хувьд 399 сул орон тоо байгаа. Тодруулбал,
Автобусны жолооч нарын цалин хөлс 1.5-2.0 сая төгрөг байгаа. Нийслэлийн нийтийн тээврийн газраас Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахад MNS 5012:2021 стандартын дагуу өөрийн өмчлөлийн дулаан зогсоол, засварын байртай байх, хүний нөөц хангалттай байх зэрэг саналыг ирүүлсэн. Энэхүү саналд тулгуурлан “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-уудыг өөрчлөн зохион байгуулалт хийж, дараах байдлаар шилжүүлэх санал гаргасан юм. Үүнд:
Автобус нэг ОНӨААТҮГ: ХУД-ийн гуравдугаар хороонд байрлах “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр бааз, БГД-ийн 20 дугаар хороонд байрлах "Тэнүүн-Огоо" ХХК-ийн 1 дүгээр баазуудыг нэгтгэх
Автобус хоёр ОНӨААТҮГ: СХД-ийн 37 дугаар хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамжинд байрлах “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазыг ашиглах саналыг хэлэв.
Гол нь одоо байгаа хоёр баазын зохион байгуулалтыг шинэчлэхгүй бол Тахилт дахь баазаас Ургах нарангийн чиглэлийн автобус гарах тохиолдол хүртэл бий аж. Өөрөөр хэлбэл, чиглэлийн автобус 30 км-ийн зайтай баазаас үйлчилгээнд гарч буй нь үйлчилгээний хүртээмж муу байхаас гадна эдийн засгийн хувьд алдагдалтай болж байгаа юм. Засаг дарга Х.Нямбаатар мөн төлөөлөгчдийн асуултад хариулахдаа “Өнөөдөр өглөө нийтийн тээврийн үйлчилгээнд 1000 автобус гарсан. 49 автобус жолооч байхгүй гэдэг шалтгаанаар гараагүй. Тахилтад гэхэд 150 шинэ автобус жолоочгүйн улмаас үйлчилгээнд гараагүй бол мөн 50 автобусны төлбөрийн карт унших төхөөрөмжийг суурилуулахаар хүлээж байна” гэлээ.
“Зорчигч тээвэр I”, “Зорчигч тээвэр II”, “Зорчигч тээвэр III”, “Зорчигч тээвэр IV”, “Зорчигч тээвэр V” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахыг дэмжлээ. Мөн Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, эрх үүрэг хариуцлагыг тогтоолын хавралтад заасан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шилжүүлэхийг дэмжив. Энэхүү зохион байгуулалт, өөрчлөлтийг 2024 оны хоёрдугаар улиралд багтаан хийнэ.