“Тоёота” компани хуучны загварын 50 мянган автомашиныг аюулгүй байдал хангаагүй гэж анхаарууллаа
Автомашин үйлдвэрлэгч Тоёота Мотор компани АНУ-д ашиглагдаж байгаа хуучны загварын 50 мянган автомашиныг аюулгүй байдал хангаагүй гэж анхааруулж, нэн даруй засварт өгөх, шинжилгээнд хамруулахыг зөвлөлөө. Тодруулбал 2003 оны Королла, Королла Матрикс, 2004 оны RAV4 загварын автомашинуудын аюулгүйн дэрний үйл ажиллагаа доголдолтой гэж мэдээлсэн байна. Тэр дундаа Японы Таката брэндийн аюулгүйн дэртэй автомашинууд хамгийн аюултай гэж сануулж байна.
Таката брэндийн аюулгүйн дэр гэнэт томорч, зорчигчийн амь насанд эрсдэл учруулж байгаа тохиолдол олон байна гэж шинжээчид үзсэн. Дэлхий дахинд энэ аюулгүйн дэрний доголдлын улмаас 2009 оноос хойш 30 хүн амиа алдсан гэсэн тоо баримт байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд дэлхий даяар Таката брэндийн 100 сая аюулгүйн дэрийг засварлахаар үйлдвэрт буцаан татсан байна. Энэ нь автомашины аюулгүй байдалтай холбоотой сэлбэг буцаан татсан хамгийн том жишээ юм. Тоёотагийн мэдээлж байгаагаар RAV4 автомашины жолоочийн урд талын аюулгүйн дэр асуудалтай бол бусад автомашины зорчигчийн талын аюулгүй дэр асуудалтай байна.
Королла, Королла Матрикс загварын автомашинуудын аюулгүйн дэр осол болоогүй байсан ч гарч ирж аюул тарьж байгааг анхааруулсаар байна.