Франц улс Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг 2013 онд химийн зэвсэг хэрэглэж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг хамтран үйлдсэн хэмээн буруутгаж олон улсын хэмжээнд баривчлах тушаал гаргасан тухай шүүхийн эх сурвалж лхагва гарагт мэдээлжээ. Түүнээс гадна,
Дамаскийн ойролцоо 2013 оны наймдугаар сард 1400 гаруй хүний аминд хүрсэн халдлага үйлдсэнийх нь төлөө Б.Ассадыг мөн дайны гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэж үзэж буй талаар шүүхийн эх сурвалж AFP агентлагт мэдээлсэн байна. Сирийн цэргийн элит ангийн захирагч, Б.Ассадын ах Махер болон зэвсэгт хүчний хоёр генералыг баривчлах тушаалыг мөн гаргажээ. Парисын шүүхийн хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 2021 оноос хойш химийн зэвсэг хэрэглэн халдлага үйлдсэн хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.
“Сирийн хэвлэл мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төв” (SCM) гэдэг төрийн бус байгууллага, “Нээлттэй нийгэм, шударга ёсны санаачилга” (OSJI) хуульчдын нийгэмлэг болон Сири дэх хүний эрхийн зөрчлийг баримтжуулдаг“Сирийн архив” байгууллагын хууль ёсны гомдлын дагуу уг мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг шүүх эрх мэдлийг Франц улс дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх эрхтэй гэж үздэг.