Таиландад сүйт залуу хуримынхаа үеэр сүйт бүсгүй болон гэрийнхнийг нь бууджээ
Таиландын паралимпийн тамирчин хуримынхаа үеэр сүйт бүсгүй болон түүний гэрийнхэн рүү нь буудаж, улмаар таван хүн амиа алдаж, нэг хүн шархадсан харамсалтай хэрэг гарсан тухай мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, бусад руу галт зэвсгээр халдсан хэрэг өнгөрсөн ням гарагт Таиландын Ван нам Кхео дүүрэгт болсон байна. Хуримын үеэр 29 настай сүйт залуу Чатуронг Суксок болон 44 настай сүйт бүсгүй Канчана Пачунтуек нар ширүүхэн маргалджээ. Ийн маргалдсаны учир нь сүйт бүсгүй сүйт залууг хөгжлийн бэрхшээлтэй тул хаяж явна гэж Чатуронг эмээсэнтэй холбоотой гэнэ. Ингээд 29 настай эр гадагш гарч, машинаасаа буу авчиран, хуримын зочид руу гал нээжээ. Тэрбээр сүйт бүсгүй, түүний 62 настай ээж, 38 настай дүүг нь буудан хөнөөсөн байна. Мөн тэнэсэн суманд нэг зочин өртөж амиа алдсан бол өөр нэг хүн хүнд шархаджээ. Үүний дараа сүйт залуу өөрийгөө буудсан байна. Хэргийн газарт дуудлагаар ирсэн цагдаагийнхан 15 хонгио олжээ. Таиландын хэвлэлүүдийн мэдээлснээр, Чатуронг, Канчана нар гурван жил хамт амьдарсны эцэст гэрлэлтээ батлуулж, хуримаа хийсэн нь энэ аж. Чатуронг өмнө нь тэнгисийн явган цэрэг байсан, албаа хааж байх үедээ галт тэргэнд дайруулж, нэг хөлгүй болжээ. Үүний дараа тэрбээр пара тамирчин болж, ASEAN Para Games наадмаас мөнгөн медаль хүртэж байжээ.