Хавайн түймэрт өртсөн хүмүүсийг аврах, эрэн хайх, гал унтраах ажил үргэлжилсээр байна
Хавайн түймэрт өртсөн хүмүүсийг аврах, эрэн хайх, гал унтраахын тулд тусламжийн багуудыг нэмж илгээсээр байна.
Одоогийн байдлаар түймэрт амиа алдсан хүний тоо 100-д хүрсэн бөгөөд энэ тоо цаашид өсөх хандлагатай байна. Олон зуун хүн хоргодох байранд түр байрласан хэвээр байна.
Мауи арлын зарим хэсэг, тэр дундаа сүйрсэн Лахайна хотын эргэн тойронд гал унтраах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Холбооны Онцгой байдлын албаны (FEMA) ахлах ажилтан Жереми Гринберг BBC-д ярилцлага өгөхдөө, илгээсэн нэмэлт тусламжийн багууд хот суурин газарт эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаагаас гадна гал унтраах багууд мөн ажиллаж байна гэжээ.
Одоогоор 1000 орчим хүн сураггүй байгаа, тэдний зарим нь аюулгүй нөхцөлд байж болох хэдий ч тодорхой зарим шалтгааны улмаас холбогдох боломжгүй байна гэж Ж.Гринберг ярилаа.
Лахайна хотын дахь нурангин доороос цогцсуудыг илрүүлэхийн тулд үнэрч нохдыг ашиглаж байна. Мөн орон нутгийн боомтын эргэн тойрны далайн уснаас хүмүүсийг аварсан, цогцос олдсон гэх мэдээлэл иржээ. Өнгөрсөн мягмар гарагт түймэр эхэлснээс хойш Лахайна хот орчмын 2000 гаруй барилга шатаж сүйдсэн байна