Оросын цэргийн онгоц нууцаар Хойд Солонгост очоод буцжээ
Ким Жон Ун Орост айлчилснаас хэдхэн хоногийн дараа, энэ долоо хоногт Оросын VIP зэрэглэлийн цэргийн онгоц Хойд Солонгосын нийслэл Пхеньянд газарджээ. Энэ онгоц нь цэргийн төлөөлөгчдийг тээвэрлэхэд ашигладаг VIP зэрэглэлийн зорчигч тээврийн онгоц гэж Блүмберг агентлаг мэдээлсэн байна. FlightRadar24 сайтын мэдээллээс харахад, Оросын Агаарын цэргийн хүчний, RA-86559 дугаартай Ил-62М онгоц Москвагаас хөөрч, мягмар гарагийн өглөө Пхеньянд газарджээ. Энэ онгоц өмнө ньСергей Шойгу наймдугаар сард Хойд Солонгост айлчилсны дараа мөн энэ улс руу нисэж байсан онгоц мөн гэж шинжээчид онцолсон байна.
Онгоц мягмар гарагт Хойд Солонгост газардаж, хоёр хоногийн дараа Москва руу буцжээ. Харин Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд онгоц ирсэн эсвэл Оросоос төлөөлөгч ирсэн талаар ямар ч мэдээлэл дамжуулаагүй байна. Оросын Батлан хамгаалах яам сэтгүүлчдийн тавьсан энэ талаарх асуултад хариулаагүй аж. Москвагаас Пхеньяныг зорьсон энэ нислэгийн талаар аль аль тал чимээгүй байгаа нь энэ онгоцонд зэвсэг эсвэл цэргийн технологи нийлүүлэх тухай хэлэлцээ хийх цэргийн өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн төлөөлөгчид зорчсон байж болзошгүйг илтгэж байна гэж NK News дамжуулсан байна.