Оросын нисгэгчгүй онгоцны сэг НАТО-гийн гишүүн орны нутаг дэвсгэрээс олдов

Оросын дроны сэг нутаг дэвсгэрээс нь олдсон тухай Румын улсын батлан хамгаалах яам өчигдөр мэдэгджээ. Үүнийг саяхан Украины Дунай мөрний боомтод Оросын арми агаарын цохилт өгөх үед ашиглагдсан дроны хэсэг гэж үзэж байна.
Дроны сэг Румын-Украины хилийн ойролцоох Тулча мужаас олдсон тухай батлан хамгаалахын сайд Ангел Тилвар орон нутгийн хэлэлд ярьжээ. Ням гарагт Оросын талаас харвасан Ираны үйлдвэрийн Шахед дрон Румыний нутагт унаж дэлбэрсэн тухай Украины гадаад хэргийн яам мэдээлэхэд Бухарестын эрх баригчид үгүйсгэж байсан юм. Румыний ерөнхийлөгч Клаус Иоханнис дрон хилийн шугамын цаана 800 метрийн зайд унасан гэж мэдэгдэж байжээ. Румыний нутгаас дроны сэг олдсон тухай мэдээлэл тарсны дараа Иоханнис батлан хамгаалах яамандаа шуурхай мөрдөн шалгах үүрэг өгсөн байна.
“Хэрвээ эдгээр хэсгүүд Оросын нисгэгчгүй онгоцноос гаралтай нь тогтоогдвол НАТО-гийн гишүүн Румын улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой аюул учруулсанд тооцно” гэж тэр анхааруулжээ. Тус улс олдсон зүйлийн талаар Брюссель дэх НАТО-гийн төвд мэдэгдсэн байна. “Румыний эрх баригчид нисгэгчгүй онгоцных байх магадлалтай сэг Украинтай хил залгаа нутаг дэвсгэрээс нь олдсон тухай бидэнд мэдээлсэн. Холбоотнууд Румын улстай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийллээ. Бид нөхцөл байдлыг анхааралдаа авч, Румыний түншүүдтэйгээ нягт холбоотой ажиллаж байна” гэж НАТО-гийн хэвлэлийн төлөөлөгч Дилан Уайт өчигдөр мэдэгджээ. Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт халдсанаас хойш НАТО-гийн гишүүн орны нутаг дэвсгэрт дайны гал хүрсэн хоёр дахь тохиолдол энэ болж байгаа юм.






