Оросын компани Монгол руу эрчим хүч нийлүүлэхээ зогсооно

10-р сарын 2, 2023 - 09:00
1 жил өмнө
 0  98
Оросын компани Монгол руу эрчим хүч нийлүүлэхээ зогсооно

Энэ сарын нэгний өдрөөс Орос улс Хятад, Монгол, Азербайжан руу цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоох эсвэл нийлүүлэлтээ багасгаж болзошгүй гэж Коммерсант сонин мэдээлжээ. Монгол, Хятад, Азербайжан руу цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоох эсвэл нийлүүлэлтийг бууруулах шаардлагатай болсон нь цахилгаан эрчим хүчний барааны экспортын татварыг ОХУ-ын Засгийн газар нэмсэнтэй холбоотой аж. Ингэснээр татвар цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээний орлогоос давж байгаа тул ийм шийдвэр гаргах шаардлагатай болсон гэж "Интер РАО" холдингийн төлөөлөгч Александра Панина мэдэгдсэн байна.


 Панинагийн өгүүлснээр, нэмэлт зардал үүссэнтэй холбоотойгоор нийлүүлж буй эрчим хүчнийхээ үнийг долоон хувиар нэмэх шаардлагатай болсон гэж түншүүддээ хэдийнэ мэдэгдсэн гэнэ. Худалдан авагч тал нэмэгдсэн үнийг хүлээн зөвшөөрөхгүй бол "Интер РАО" нийлүүлэлтээ нэг мөр зогсоох эсвэл нийлүүлэлтийн хэмжээг бууруулахад бэлэн байгаа аж. Ингэснээр Хятад, Монгол, Азербайжан нэмэгдсэн үнээр эрчим хүч авах эсвэл дотоодын хэрэглээгээ өөр байдлаар зохицуулахаас аргагүй болох юм байна. Евразийн эдийн засгийн холбооноос бусад улс руу нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний экспортын татварыг Оросын засгийн газар 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр тогтоосон. Энэ нь доллартай харьцах рублийн ханшаас хамаарах бөгөөд 4-7 хувьтай байх аж. Цахилгаан эрчим хүчний салбарын хувьд энэ нь гэнэтийн шийдвэр болсон бөгөөд экспортын татвартай болсноор орлого буурч, хангамжийн зах зээлээ алдах эрсдэлтэй нүүр тулж байгааг эх сурвалж онцолжээ. Хятадын тухайд Оросоос цахилгаан эрчим хүч худалдан авдаг хамгийн том худалдан авагч юм. Өнгөрсөн онд "Интер РАО" БНХАУ руу урьд хожид байгаагүй их хэмжээний эрчим хүч буюу 4,7 сая мегаватт-цаг эрчим хүч нийлүүлжээ. Энэ жил Алс Дорнодод эрчим хүчний хомсдол үүсэж хязгаарлалт тавьсны улмаас Хятад руу нийлүүлэх эрчим хүчний хэмжээ буурсан байна. Хятадын Гаалийн газрын мэдээлснээр, 2023 оны эхний найман сард 2,7 сая МВт цаг эрчим хүчийг 117,9 сая доллараар нийлүүлжээ. 


Хятад руу нийлүүлэх эрчим хүчний дундаж үнэ нь нэг МВт цаг нь 43,8 доллар байдаг аж. Эрчим хүчний экспортын долоон хувийн татвар нэмэгдсэнээр 46,8 ам.доллар болж нэмэгдэх юм байна. "Интер РАО" холдингийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Монгол руу нийлүүлдэг эрчим хүчний худалдааны орлого БНХАУ-ынхаас ч бага байдаг гэнэ. 2019 онд Монгол руу 372 сая кВт цаг эрчим хүч нийлүүлсэн бол 2024 онд энэ үзүүлэлт 700 саяд хүрэх төлөвлөгөөтэй байгаа аж.

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу цахилгаан эрчим хүчний экспортод татвар оноосноор нийлүүлэгч компани ашиггүй болж нийлүүлэлтээ зогсооход хүрвэл бүхий л талууд сөрөг үр дагавартай учирна гэж шинжээчид үзэж байна. Оросын хувьд  нийлүүлэлтийн зах зээл, экспортын орлогоо алдахын дээр дотоодын хэрэглэгчдэд хүрэх эрчим хүчний үнэ өсөх аж. Харин Хятад, Монгол, Азербайжаны хувьд цахилгаан эрчим хүч хомсдох, нийлүүлэлтийн шинэ эх үүсвэр хайх, эсвэл дотоодын эх үүсвэрээ хөгжүүлэх шаардлагатьай болох юм байна. Харин Гүрж, Турк, Иран зэрэг бусад орнуудын хувьд Оростой хийсэн цахилгаан эрчим хүчний худалдааны гэрээний нөхцөлөө өөрчлөх эсвэл хомсдолд орсон үедээ Оросоос цахилгаан эрчим хүч импортлох талаар хэлэлцэх шаардлагатай болно гэж шинжээчид онцолжээ.

Share:
98

like

dislike

love

funny

angry

sad

wow