Навальныйг баасан гаригт оршуулахаар төлөвлөж байна
Арктикийн Ик-3 шоронд нас барсан Алексей Навальныйн цогцсыг ар гэрт нь хүлээлгэж өгөлгүй ес хоносны эцэст өнгөрсөн Бямба гаригт ээж Людмила Навалнаяад нь хүлээлгэн өгсөн. Сөрөг хүчний багийнхан энэ Баасан гаригт Навальныйн дурсгалыг хүндэтгэх ёслол зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эрх баригчид Навальныйг сүр дуулиан болголгүй оршуулахыг шаардсан гэж Людмила Навалнаяа мэдэгдсэн. Гэхдээ Кремль энэ мэдэгдлийг няцаажээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Мэдээж Кремль ямар ч шахалт үзүүлж чадахгүй. Энэ бол Навальныйн дэмжигчдийн утгагүй мэдэгдэл" гэж хэлсэн байна. Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш Даваа гаригт "Бид Алексейтэй салах ёс гүйцэтгэх танхим хайж байна. Ажлын долоо хоногийн төгсгөлөөр салах ёс гүйцэтгэхээр төлөвлөж байна" гэж "X" платформд жиргэжээ. Навальныйн үхэлд гашуудан цугласан дор хаяж 400 хүнийг баривчилсан гэх мэдээлэл бий. Ийм үйл явдлын дараа Кремль олон нийтийг оролцуулсан оршуулах ёслолыг хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй.