Олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд Монголын 12 тамирчин цэц сорино
Бразил улсын Рио де Жанейро хотод буудлага спортын “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрх олгох Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 10-20-нд болно.Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор нийт 12 тамирчин цэц сорихоор тэмцээн болох хотыг зорьсон байна. Тэмцээний гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа, урт бууны дасгалд Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, О.Мөнхзул нар өрсөлдөнө.
Монголын буудлага спортын баг тамирчид олимпын наадмаас нийт хоёр медаль хүртэхдээ 16 жилийн зайтай авсан бөгөөд “Барселон-1992”-оос Д.Мөнхбаяр хүрэл, “Бээжин-2008”-аас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ.
Бээжингийн олимпын наадмаас хойших 16 жилийн дараа болж буй олимпын наадамд Монгол Улсаас одоогоор О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар оролцох эрхээ аваад байна.