ОХУ хугацаат цэргийн алба хаагчдын гадаад паспортыг нь хураах хуультай болжээ
ОХУ-ын Төрийн дум хугацаат цэргийн албанд татагдсан хүмүүсийн гадаад паспортыг хурааж, цагдаагийн цагаачлалын хэлтэст хадгалуулах талаар заасан хуулийг эцэслэн баталлаа. Энэ нь "Оросын Холбооны Улсаас гарах, Оросын Холбооны Улс руу нэвтрэх журмын тухай" хуулийн нэмэлт заалт болон орж байгааг ВВС мэдээлэв.
Хуульд тусгаснаар, цэргийн албанд татагдсан эсвэл дүйцүүлэх иргэний албанд томилогдсон иргэд Дотоод хэргийн яамны цагаачлалын асуудал эрхэлсэн хэлтэст гадаад паспортаа хүлээлгэн өгөх ёстой гэнэ. Ингэснээр цэргийн албаа хаасныхаа дараа паспортаа авах аж. Энэ журам 18-27 насныханд хамаарах юм.
2024 оноос эхлэн насны хязгаарыг 30 хүртэл болгож буй юм байна. Өмнө нь цэргийн зарлан дуудах хуудас гардан авсан иргэд Оросоос гарахыг хориглосон хууль баталж байв. Шинэ хуулиар цэргийн зарлан дуудах хуудсыг цахимаар ч илгээх боломжтой болж, тухайн иргэн цахимаар мэдэгдэл ирсэн эсэхийг шалгаснаас үл хамааран цэргийн зарлан дуудах хуудсыг гардуулан өгсөн гэж тооцох болжээ.