ОХУ-ын Башкортостанд гарсан эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тараав
ОХУ-ын холбооны субъектүүдийн нэг Башкортостанд өчигдөр олон мянган иргэд оролцсон эсэргүүцлийн жагсаал болсныг хүч хэрэглэн тараажээ. Башкортостаны алслагдсан хот Баймакт цугларсан иргэд башкир үндэстний хэл соёлыг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн Фаиль Алсыновт шүүхээс оноосон дөрвөн жилийн хорих ялыг эсэргүүцсэн юм.
Алсынов 2023 оны хавар башкируудын ариун шүтээнд тооцогддог ууланд алтны олборлолт явуулахыг эсэргүүцсэн арга хэмжээнд үг хэлж байжээ. Шүүх түүнийг үндэс угсаагаар ялгаварласан утгатай зүйл олон нийтийн өмнө ярьсан шалтгаанаар ял оноосон байна.Түүний тэргүүлдэг Башкорт хөдөлгөөнийг 2020 онд экстремист байгууллагаар зарлаж, үйл ажиллагааг нь хориглож байжээ. Цагдаа нар жагсагчидтай мөргөлдөх үеэр нулимс асгаруулагч хий, бороохой, анхаарал сарниулагч гар бөмбөг зэрэг зэвсэг ашигласан байна. Энэ үеэр 20 орчим хүн баривчлагдсаныг OVD-Info хүний эрхийн байгууллага мэдээлсэн юм.
Башкирууд нь Европ, Азийн газар зүйн хил болох Уралын нурууны ойролцоо оршин суудаг түрэг гаралтай үндэстний цөөнх аж.