Монгол Улс авлигын үзүүлэлтээр тасралтгүй муудаж буй 10 улсын нэг болжээ
“Авлигатай үргэлжлүүлэн тэмцэх чиглэлд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх”-ээ “Transparency International” байгууллагын Ерөнхий захирал Франсуа Валериа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Швейцарын Давост уулзах үедээ илэрхийллээ. Мөн тэрбээр шүгэл үлээгчдийг эрх зүйн орчноор хангахад илүү анхаарах хэрэгтэйг зөвлөсөн байна.
"Transparency International"-ийн судалгаагаар Монгол Улс 2017 оноос хойш энэ үзүүлэлтээр тасралтгүй муудаж байгаа 10 улсын нэг болоод байгаа. Мөн авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2021 онд нэг их наяд төгрөг байсан бол 2022 онд таван их наяд төгрөг болсныг АТГ мэдээлж байв.
“Авлигын олон асуудлыг ил болгосон нь хэсэг хугацаанд тухайн улсынхаа нийгэмд үл ойлголцол үүсгэж болно. Хэдий тийм боловч авлигатай тэмцсэнээр эдийн засаг хүртээмжтэй болж байгааг иргэд, олон нийт ойлгож дэмжих нь үр дүнтэй” хэмээн "Transparency International"-ийн захирал онцолжээ.