О.Батнасанд холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн байна
Авлигатай тэмцэх газар “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан О.Батнасанд холбогдох хэргийг шалгаж дуужээ. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Түүнийг "Монголын төмөр зам" төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын алба хаших хугацаандаа өөртөө давуу байдал бий болгосон гэж буруутган шалгасан юм байна.
О.Батнасан нь 2016 онд МАН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөн, Ховд аймгийн иргэдийг төлөөлөн, парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. 2020 оны УИХ-ын сонгуульд дээрх тойрогт дахин өрсөлдсөн ч ялагдсан. Улмаар 2021 оноос “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар томилсон байдаг.
Улмаар энэ албыг жил орчим хугацаатай хашиж байгаад 2022 оны тавдугаар сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Одоо “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын албыг П.Ганхүү хашиж буй юм.