Мексикт зэвсэглэсэн этгээдүүд цагдаагийн 11 алба хаагчийг хороожээ

10-р сарын 24, 2023 - 15:21
1 жил өмнө
 0  29
Мексикт зэвсэглэсэн этгээдүүд цагдаагийн 11 алба хаагчийг хороожээ

Мексик улсын өмнөд нутгийн Герреро мужид даваа гарагт үл таних зэвсэглэсэн этгээдүүд цагдаагийн харуулын пост руу халдсан байна. Уг халдлагын улмаас 16 хүн амь үрэгдсэний 11 нь цагдаагийн офицерууд байжээ. Мөн энгийн таван иргэн амиа алдаж, хоёр хүн гэмтэж шархадсан байна.


Одоогоор уг халдлагыг чухам хэн, ямар бүлэглэл үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм. Урьдчилан таамаглаж байгаагаар хууль бус мансууруулах бодис наймаалагчдын гэмт бүлэг халдлагыг зохион байгуулсан байж болзошгүй гэж үзэж байна. Учир нь өмнөд нутгийн Герреро мужид хууль бус мансууруулах бодис наймаалагчид болон цагдаа нарын мөргөлдөөн ширүүсээд байгаа юм.

Прокурор Алехандро Хернандезын хэлснээр Герреро мужийн Коюка де Бенитез хотын аюулгүй байдлыг хамгаалах албаны хяналтын цэг рүү зэвсэглэсэн этгээдүүд дайрсан байна. Уг халдлагын сэдлийг тогтоохоор цагдаагийн тусгай хүчин ажиллаж байна. Халдлага гарах үед Мексикийн аюулгүйн албаны томоохон албан тушаалтан харуулын цэгт байсан тул түүний амь насыг хороохыг санаархсан ч байж болзошгүй юм.


Тус улсын Засгийн газар 2006 онд хууль бус мансууруулах бодис наймаалах бүлгүүдтэй дайн зарласнаас хойш 420,000 гаруй хүн бусдад алагдсан байна. Тэр тусмаа Герреро муж нь Мексикийн бусад мужуудаас хамгийн их хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэгддэг газар юм.

Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow