Ойрх Дорнодод болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас газрын тосны ханш чангарч эхэллээ
Израил улс болон Палестины Исламын Хамас бүлэглэлийн хоорондох зэвсэгт мөргөлдөөн Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолыг олон улсад төрүүлсэн. Үүний улмаас Даваа гарагийн байдлаар л гэхэд дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш дунджаар 4 хувь өссөн байна.
Олон улсад хамгийн өргөн ашиглагддаг Брент маркын газрын тосны ханш л гэхэд ердөө 2 хоногийн дотор 3 америк доллароор огцом өсч 88 америк долларыг давсан байна. Харин WTI маркийн газрын тосны ханш нэг баррель нь 4,3 хувиар өсөж, 86 америк долларыг давжээ. Олон улсын ажиглагч шинжээчдийн хувьд ойрх дорнодын зэвсэгт мөргөлдөөн ойрын хугацаанд намжих төлөвгүй байна. Улмаар бүс нутагт геополитикийн эрсдэл нэмэгдэж байна. Энэ нь эргээд газрын тосны ханшийг цаашид ч өсгөх төлөвтэй болж ирлээ гэж таамаглаж байна. Уг нь өнгөрсөн оны 9-р сарын сүүлч 10-р сарын эхэн үед дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш чангарч, одоогийн байгаа ханшийг ч давж өсөж байсан.
Тухайлбал, брент маркийн газрын тосны ханш нэг баррель нь 95 америк долларыг давж байсан юм. Харин өнгөрсөн 7 хоногт газрын тосны ханш өнгөрсөн 3-р сараас хойших хамгийн доод түвшинд хүрч буурч байсан юм. Инфляцын түвшин өнгөрсөн онтой харьцуулахад буурч байгаа боловч төв банкуудын зорилтот түвшинд хүртлээ буураагүй байгаа учраас төв банкууд бодлогын хүүгээ чангатгах арга хэмжээг авсаар байна.
Өөрөөр хэлбэл бодлогын хүү өндөр байгаа нь дэлхийн газрын тосны эрэлтэд нөлөөлж болзошгүй гэдэг болгоомжлолоос үүдээд газрын тосны ханш эргээд буурч байсан юм. Тухайлбал, брент маркийн газрын тосны ханш л гэхэд 11 хувиар буурсан үзүүлэлтийг харуулж байсан. Мөн WTI маркийн газрын тосны ханш 1 баррель нь 8 хувиар тус тус буураад байсан юм. Одоогийн байдлаар зэвсэгт мөргөлдөөний улмаас Израилын Ашкелон боомт болон газрын тосны терминалыг хаасан гэж эх сурвалжууд мөн мэдээлж байгаа юм.