Машины ослоор гурван хүн нас барж, дөрвөн хүн бэртжээ
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн “Хөх булан” гэдэг газарт суудлын хоёр автомашин мөргөлдөж, гурван хүн нас баржээ. Баян-Өлгий аймгаас Ховдын чиглэлд зорчиж явсан хоёр зорчигчтой “Приус-20” загварын машин, Ховд аймгаас Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж байсан таван зорчигчтой “Приус-20” загварын машин хоорондоо мөргөлдөж, нэг нь шатжээ.
Ослын улмаас Ховд аймгийн Буянт сумын харьяат иргэн 61 настай, эрэгтэй, 51 настай, эрэгтэй нар шатаж нас барсан бол хоёр дахь автомашины бүхээгт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат иргэн 61 настай эмэгтэй хавчуулагдаж нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид гал түймрийг унтрааж, цогцсуудыг гарган, аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Мөн дөрвөн хүнд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт шилжүүлжээ.