Хүнсний бүтээгдэхүүний үнэ таван жилийн дотор хоёр дахин өсжээ
Дэлхийн хэмжээний инфляцын хөөргөдөл хүнсний бүтээгдэхүүний үнийг сүүлийн таван жилд багадаа хоёр дахин нэмэгдүүлсэн гэсэн судалгааг Их Британийн үндэсний статистикийн газар гаргажээ. Тухайлбал, оливын тос, шош, элсэн чихрийн үнэ хамгийн ихээр хөөргөдсөн байна. Оливын тосны үнэ л гэхэд 2019 оны 3-р сараас 2024 оны 3-р сарын хооронд 113,8 хувь хөөргөдсөн гэдэг судалгаа гарчээ. Түүнчлэн инфляц, хүнсний үнийн өсөлт дэлхийн өнцөг булан бүрд хөгжиж байгаа, хөгжингүй ямар ч орныг ялгалгүй болж дайран өнгөрч байна гэж мэдээлж байна.
Европын орнуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр өсөлттэй байна. Мөн Зимбаб, Аргентин, Венесуэл, Хаити, Ливан зэрэг улсуудад маш өндөр хөөргөдөж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ хөөргөдөхөд олон янзын хүчин зүйл нөлөөлж байна. Хамгийн сүүлийн үеийн байдлаар л гэхэд Израил-Хамасын дайны нөлөөгөөр маш олон ачаа тээвэр дайран өнгөрдөг Улаан тэнгист Йемений Хуситууд тасралтгүй заналхийлж байгаагийн улмаас дэлхийн нийт усан тээврийн 15 хувь саатаж, усан замаар тээвэрлэгддэг олон бараа бүтээгдэхүүний үнэ хөөргөдөхөд нөлөөлж байна. Мөн байгаль цаг уурын асуудлууд хүнсний үнэ хөөргөдөх гол хүчин зүйл болж байна. Оливын тариаллаар тэргүүлэгч Испани, Итали, Грек улсад уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж, зарим нутгаараа ган гачигтай, зарим газраар үер устай байгаа нь оливын ургацыг муутгаж, оливын тосны үнэ хөөргөдөхөд нөлөөлж байна. Хямд, тэжээллэг хүнсэнд тооцогддог байсан лаазалсан шош мөн л ялгаагүй байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас ургац муудаж, үнэ нь таван жилийн дотор 70 хувь өсжээ. Эрдэст усны үнэ мөн өссөн байна. Элсэн чихэр гэхэд голлох түүхий эд болох чихрийн нишингийн тариалалтаар тэргүүлдэг Энэтхэг зэрэг улсад ган гачигтай байгаагаас мөн л ургац муудаж, үнэ нь таван жилд 67 хувиар хөөргөджээ. Энэтхэгийн чихрийн нишингийн нөөц мөн дуусаж байгаагаас элсэн чихрийн үнийн хөөргөдлийг удам хурдасгаж байна. Энэтхэг улсын засгийн газар чихрийн нишингийн дотоодын нөөц бага байгаа тул экспортын зарим хориг хязгаарлалт тавьсан нь мөн л нэг хүчин зүйл болжээ.
Үр тарианы үнэ хөөргөдөхөд нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл нь бордооны үнийн өсөлт гэж эдийн засагчид үзэж байна. Гэхдээ бордоо нь хэдийгээр үнэтэй ч үр тариаг байгаль цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй болгодог тул үр тарианы гарцыг нэмэгдүүлдэг гэж тайлбарлаж байна. Тэгвэл хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хажуугаар үнэн нь буурч байгаа хүнс ч байна. Төмсний үнэ дэлхий даяар суларсан байна. Тодруулбал, 5 жилийн хугацаанд төмсний үнэ 13 хувь буурчээ. Төмс нийлүүлэгчдийн өрсөлдөөн их байгаа тул ингэж буурсан гэж таамаглаж байна. Сереал буюу овьёос өглөөний цайны үнэ мөн буусан байна.