16 настай хүүг ''улс төрийн хоригдол''-оор яллажээ
ОХУ-ын ерөнхийлөгч Путинд шүүмжлэлтэй хандсан ухуулах хуудас тараасан гэж террорист хэмээх зүйчлэлийн дагуу өсвөр насны хүү 5 жилийн ял авчээ.
Арсений Турбин нь 2008 онд Дубайд төржээ. Түүний аав нь Арабын Нэгдсэн Эмират Улсын иргэн бөгөөд ээж нь орос эмэгтэй Ирина. Хүүгээ төрүүлээд удалгүй Арабаас явах болсон аж. Учир нь Арсенийгийн аавын гэр бүлийнхэн хүүгээ орос эмэгтэйтэй бус мусульман шашинтай эмэгтэйтэй гэрлүүлэхийг хүссэн байна. Иринаг хүүгээ үлдээхийг хүсэж, олон амлалт өгсөн ч татгалзаж, хүүгээ аваад эх нутагтаа ирсэн гэжээ. Хэдийгээр хүүгийн аавтай шүүхээр маргаан өрнүүлэхийг хүссэн ч Дубайн шүүхийн туршлагад хүүхдийг нь ээжид нь өгсөн тохиолдол гараагүй гэв. Хүү даруу төлөв. Ангийнхан нь түүнийг тажик хэмээн дуудаж, ялгаварлан гадуурхах, зодох, дээрэлхэх асуудал бишгүй гардаж байсан тул ээж нь сургуульд нь хандаад ч тусыг эс олсон байна. Арсенийг ангийнхан, үеийнхэн нь дээрэлхэж зодох нь хэтэрч, багш нь хүртэл түүн рүү шалтгаангүй орилж хашгирдаг байсан талаар ангийнх нь охин Иринад хэлжээ. Ээж нь сургуулийн захиргаанд гомдол гаргахад гомдлоо эргүүлэн татахыг хүссэн байна. Арсений нэг удаа “Би ердөө л тэдний сонсохыг хүсээгүй үнэнийг л би хэлсэн. Зарим хүмүүс эх оронч дүр эсгэдэг мөртлөө төрийн дууллынхаа үгийг ч бүрэн мэддэггүй” хэмээн уурлаж байсан удаатай аж.
2023 оны 8-р сард цагдаагийнхан тэдний гэрт ирээд хүүг нь “Оросын эрх чөлөө” бүлгэмд элсэх гэж байсан эсэхийг тодруулж, гэрт нь нэгжлэг хийжээ. Хүүг 6 сарын 7-19-ны хооронд Путиныг шүүмжилсэн 100 гаруй хуудсыг татаж авч хэвлээд, шуудангийн хайрцгууд руу хийсэн гэжээ. Мөн телеграм хуудаст бүлгэмийнхээ үйл ажиллагааг сурталчлах зорилгоор болон Путины талаарх сөрөг мэдээлэл бүхий аудио бичлэг болон бусад материалыг байршуулсан хэмээн мөрдөн байцаагчид ярьсан байна. Шүүхээс хүүг шууд хорих прокурорын саналыг хүлээж авалгүй гэрийн хорионд гаргажээ. Хүүг гэрийн хорионд орсноос хойш “гэмт хэрэгтэн” хэмээн хүн бүр цоллох болсон юм. Ирина хүүгээ шоронд хоригдсоны дараа л түүнийг үеийнхэн нь хэрхэн доромжилж, дээрэлхэн харгисаар ханддаг байсныг хүүгийнхээ утаснаас олж мэдэж байжээ.
Өнгөрсөн 6-р сарын сүүлээр цэргийн шүүхээс түүнийг террорист үйл ажиллагаанд оролцсон хэмээн үзэж ОХУ-ын Эрүүгийн хуулийн 205 дугаар зүйлийн 5.2 дахь зүйл ангиар яллаж таван жилийн хорих ял оноосон байна. Мөрдөн байцаагчдын хэлснээр 2023 оны зун “Оросын эрх чөлөө” бүлгэмд элсэж, тус байгууллагынхаа төлөөлөгчийн заавраар шуудангийн хайрцгуудад Путиныг шүүмжилсэн ухуулах хуудас тараасан гэжээ. Түүнийг баривчлах үед Арсений гэм буруугаа хүлээгээгүй, бүлгэмд элсээгүй хувийн итгэл үнэмшлээрээ ухуулах хуудас тараасан хэмээн хариулсан аж.
Арсений ээждээ бичсэн захидалдаа Москвагийн урьдчилан хорих төвд зодуулж, хорих ангид маш хүнд нөхцөл байдалтай байгаагаа бичсэн байна. Түүний ээж Ирина Турбинагийн хэлснээр хүү нь түүнийг хоёр удаа зодсон хоригдолтой нэг өрөөнд хоригдож байгаа бөгөөд түүнийг хүчирхийлнэ хэмээн заналхийлсэн тухай захиандаа бичсэн гэжээ. Хүүг эрүүгийн хэргээр яллахдаа терроризм, улс төрийн хоригдол гэсэн хатуу зүйчлэлээр хэргийн бүртгэл нээсэн аж. Арсений Орловскийн бүсийн Ливны хотоос гаралтай хүү юм байна.