Хойд Солонгосын эрх баригчид АНУ-ын цэргийн албан хаагч Травис Кингийг нутаг буцаав
Хойд Солонгосын эрх баригчид АНУ-ын цэргийн албан хаагч Травис Кингийг нутаг буцаажээ. 23 настай Травис Кинг БНСУ дахь АНУ-ын цэргийн баазад алба хааж байхдаа зөвшөөрөлгүйгээр Хойд Солонгосын хил нэвтэрснээс болж Пёньяны талд баривчлагдаад байсан юм. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад тэрбээр Хойд Солонгосын нутаг дэвсгэрт санаатайгаар хууль бусаар нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн байцаалтын явцад Кинг армийн цэргүүдийн зүй бус харилцаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтаас зугтаж Хойд Солонгост ирэхээр болсноо мэдэгдсэн тухай гэж Хойд Солонгосын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.Травис Кингийг Хятадад байгаа АНУ-ын төлөөлөгчдөд аль хэдийн хүлээлгэн өгсөн байна. Америкт түүнд ямар шийтгэл оногдуулах талаар эх сурвалжууд одоогоор мэдээлээгүй.
Травис Кинг морин цэргийн скаут буюу тагнуулын мэргэжилтэн бөгөөд анх Өмнөд Солонгос дахь АНУ-ын армийн 1-р хуягт дивизийн бүрэлдэхүүнд томилогджээ. Тэрбээр Өмнөд Солонгост алба хааж байхдаа танхайн хэргээр хоригдож, сахилгын шийтгэл хүлээж байсан юм. Улмаар энэ оны долоодугаар сард Травис К хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүс дэх аяллын бүрэлдэхүүнд явж байхдаа бүлэг жуулчдын дунд ормогцоо Хойд Солонгосын хилийг давж, оргосон юм.
1950-1953 оны Солонгосын дайнаас хойш АНУ, Хойд Солонгос хоёр дипломат харилцаа тогтоогоогүй, дайны байдалд буй. Хоёр орны харилцаанд гарсан асуудлуудыг шийдвэрлэхэд өмнө нь Пёньян дахь Шведийн элчин сайдын яам зуучилдаг. Тэгвэл АНУ-ын засаг захиргаа Травис Кингийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлсэн Швед болон Хятадын талд талархал илэрхийллээ.