НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израил-Хамасын дайны асуудлаар шуурхай хуралдав

10-р сарын 20, 2023 - 10:02
12 сарын өмнө
 0
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израил-Хамасын дайны асуудлаар шуурхай хуралдав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлын асуудлаар шуурхай хуралдсан байна. Энэ хуралдаанаас Израил руу "Хамас" бүлэг халдан довтолсныг, мөн энгийн иргэд зэвсэгт мөргөлдөөний хөлд олноор хэлмэгдэж байгааг зэмлэн буруутгаж, Газын зурваст хүнд нөхцөлд орсон энгийн иргэдэд тусламжийн гарц нээх зорилгоор талуудыг гал зогсооход уриалсан тогтоолын төсөлд АНУ хориг тавьснаар Аюулгүйн зөвлөл дахин ямар нэг шийдэлд хүрч чадалгүй таржээ. 


Аюулгүйн зөвлөлийг одоо даргалж байгаа Бразил улс сүүлийн тогтоолын төслийг санаачилж оруулсан, улмаар санал хураахад Орос болон Их Британи улс түдгэлзэж, АНУ ганцаараа эсрэг санал хураалгасан. Бусад 12 гишүүн улс тогтоолын төслийг дэмжсэн ч гэлээ Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван улсын нэг нь л татгалзах нөхцөлд тогтоол батлагддаггүй журамтай. Бразилын боловсруулсан энэ тогтоолын төсөлд Газын зурвасын иргэдийг аюулгүйн үүднээс нутгийн өмнөд бүс рүү нүүж дүрвэх шаардлагаа эгүүлэн татахыг Израилд уриалсан агуулга мөн тусгагдсан юм байна.НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Израилын өөрийгөө хамгаалах эрхийн талаар энд огтоос дурдсангүй гэж шүүмжилжээ.НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас Гринфильд "Израилын өөрийгөө батлан хамгаалах эрхийг энэ тогтоолд дурдаагүйд АНУ харамсаж байна. Израил улс НҮБ-ын дүрмийн 51-д заасны дагуу дэлхийн бүх улсын адил өөрөө өөрийгөө хамгаалах эрхтэй" гэжээ. Хэдэн өдрийн өмнө Аюулгүйн зөвлөл мөн л нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй тарж байсан нь дахин давтагдсанд улс орнууд бухимдлаа илэрхийлж байна. Тухайлбал, Хятад зэрэг олон улс Аюулгүйн зөвлөлийн санал хураалт дахин бүтэлгүйтсэнд ихээхэн цочирдож, бас урам хугарснаа мэдэгдэж байна. Өмнө нь даваа гарагт мөн Оросын боловсруулсан тогтоолын төслөөр санал хураахад АНУ, Их Британи, Франц, Япон улс эсрэг санал хураалгажээ.


НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Жан Жун "Зарим улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг зөв ажиллах ёстой тухай ярьж байна. Гэвч өгсөн саналаас нь харвал тэд Аюулгүйн зөвлөлд үйлдэл хийх боломж олгож, асуудалд гарц шийдэл хайх хүсэлтэй эсэхэд нь эргэлзэхэд хүргэж байна. Ямартай ч Аюулгүйн зөвлөл хэрхэвч зүгээр сууж болохгүй. Газын зурвасын хямрал улам даамжирч, улам олон энгийн иргэдийн амь нас хохирч, зовж шаналж байна. Энэ нөхцөлд Аюулгүйн зөвлөл үүрэг хариуцлагаа ухамсарлаж, гал зогсооход зуучлах, хямралыг зогсоох, энгийн иргэдийг хамгаалах, илүү хүнд хүмүүнлэгийн гамшиг нэрвэхээс зайлхийхэд оролцоотой байх ёстой" гэж хэлсэн байна. Үүний зэрэгцээ НҮБ Газа хотын эмнэлэгт цохилт өгсөн хэрэг явдлыг бие даан мөрдөн шалгах бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow